Хятад: Хүн дүрст робот сурвалжлагчаар ажиллав
Анд нөхдийн мэдээ
2025-02-27
Хятадын Гуандун мужийн Шэньжэнь хотод жил бүр зохион байгуулдаг Ардын улс төрийн зөвлөлдөх бага хурлын үеэр робот сурвалжлагч ажиллажээ. "PRESS" хантааз өмссөн, Квафу (нарыг хамгаалдаг домгийн амьтны нэр) нэртэй, 160 см өндөр хүн дүрст робот телевизийн өдөр тутмын мэдээний сурвалжлагчаар ажилласан нь олны анхаарал татаж байв. Квафу микрофоноо өмнөө барьж, бага хурлын төлөөлөгчдөөс "Та ямар салбарыг хамгийн их сонирхож байна?" хэмээн асуужээ. Хурлын ёслолын тайзан дээр хүмүүс робот сурвалжлагчид ярилцлага өгч байсан нь урьд өмнө байгаагүй ер бусын үзэгдэл болсон байна. Квафу нь тус улсын “Leju Robot” компанийн 2023 оны арванхоёрдугаар сард бүтээсэн загвар бөгөөд “Huawei”-гийн хиймэл оюун ухаанаар тоноглогдсон, хүнтэй ярилцах, 5 км/цагийн хурдтай гүйх чадалтай ажээ. Тус улсад хүн дүрст робот маш хурдтай хөгжиж, судалгааны лаборатори, үзэсгэлэнгийн танхим зэргээс халин хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэвтэрч байна. Тухайлбал өнгөрсөн 22-ны өдөр Бээжингийн Хайдян дүүрэгт робот цагдаа замын хөдөлгөөн зохицуулсан бөгөөд түүнийг Цинхуа их сургуулийн төгсөгч 2023 онд бүтээжээ. Мөн өнгөрсөн сард CCTV-ийн Сар шинийн баярт зориулсан шоунд хүн дүрст 16 робот тайзан дээр гарч маш чадварлаг бүжиглэсэн юм. Ер нь Хятадын технологийн салбарт өндөр чадвартай компаниуд богино хугацаанд олноор бий болж байна. Ялангуяа Бээжингийн их сургууль, Цинхуа их сургуулийн технологийн төслүүд дэлхийн жишигт нийцсэн чадварлаг роботууд бүтээсээр байгаа юм. 2023 онд Цинхуа их сургуулийн лабораторид дэлхийн хамгийн хурдан гүйдэг робот "Star 1"-ийг бүтээсэн бол Бээжингийн их сургуулийн Технологийн тэнхимийн инженерүүд дугуйтай робот бүтээжээ. Тус улсын Засгийн газраас гаргасан "Хүн дүрст роботуудыг хөгжүүлэх инноваци, хөгжлийн удирдамж"-ид 2027 он гэхэд дэлхийд тэргүүлэх түвшинд хүрэх зорилт тавьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.