images

Монако: Б.Мөнгөнтуул Орос, Энэтхэгийн шатарчидтай оноо тэнцэж гуравдугаар байр эзэллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-28


   Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн "Гран При" тэмцээний гуравдугаар цуврал Монакогийн вант улсын Монте-Карло хотноо энэ сарын 17-28-ны өдрүүдэд боллоо. Дэлхийн шилдэг арван эмэгтэй шатарчин тойргоор ес есөн өрөг нүүж өрсөлдсөн энэ тэмцээний эхний гурван байрыг 5.5 оноотойгоор Монголын Б.Мөнгөнтуул, Оросын Александра Горячкина, Энэтхэгийн Хампи Конеру нар эзлэв. Тэд хэдий ижил оноотой ч коэффициент буюу чанараараа А.Горячкина илүүрхэж цуврал “Гран При” тэмцээнээс хоёр дараалан түрүү хүртлээ. Харин Х.Конеру дэд, Б.Мөнгөнтуул гуравдугаар байр эзлэв. Манай тамирчин өчигдөр ижил таван оноотой явсан А.Горячкинатай сүүлийн өрөгт учраа таарч тэнцсэн юм. Харин тэргүүлэгчдийн эгнээнд явсан Оросын Екатерина Лагно Ираны шатарчинд хожигдсон тул тавдугаар байрт шалгарчээ. Б.Мөнгөнтуул, Х.Конеру нар ирэх дөрөвдүгээр сард “Гран При” тэмцээний Энэтхэгт болох тавдугаар цувралд оролцоно. 2024-2025 оны эмэгтэйчүүдийн "Гран При" тэмцээн зургаан цувралтай бөгөөд нийт 20 шилдэг тамирчин өрсөлдөж байгаа юм. Гэхдээ нэг шатарчин гурван тэмцээнд оролцох тул нэг цувралд арвуулаа өрсөлдөж, бүх цувралын дараа нийлбэр дүнгээрээ эхний арван байрыг эзэлсэн шатарчид 2026 оны ДАШТ-д оролцох эрхтэй болно. Манай тамирчин өнгөрсөн онд Казахстаны Шымкент хотод болсон тэмцээнд 10 дугаар байр эзэлсэн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.