Монголын ой тогтоолтын тамирчин Гиннесийн дээд амжилт тогтоов
Чихэнд чимэгтэй
2025-03-06
Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга, Олон улсын их мастер Эрдэнэсайханы Пүрэвжав усан доор нэг багц буюу 52 ширхэг хөзрийг дарааллаар нь 49 секундэд тогтоож алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилт тогтоосныг Монголын оюун ухааны академи өчигдөр мэдээллээ. Гиннесийн амжилтын номын албан ёсны мэдээг үзвэл Э.Пүрэвжавын энэ амжилтыг өнгөрсөн сарын 22-ны өдөр Австралийн Сиднэй хотод бүртгэн авчээ. Тэгвэл Э.Пүрэвжавын ээж С.Мөнхзаяа өчигдөр Фэйсбүүкээрээ дамжуулан мэдээлэхдээ “Өмнөх рекорд эзэмшигч нь 2:22 минут байсан бол тэр рекордыг бүр 3 дахин багасгаж 49 секундээр гайхамшигтай эвдэж чадлаа” хэмээсэн байна. Э.Пүрэвжав ой тогтоолтын спортоор 2014 оноос хойш идэвхтэй хичээллэсэн бөгөөд мөн ондоо Хятадын Хайнаньд болсон ДАШТ-ий хөзөр цээжлэх төрөлд түрүүлсэн бол 2016 онд анх удаа улсын аварга болж байв. Улмаар өнгөрсөн хугацаанд улсын аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнд тогтмол дээгүүр байр эзэлж ирсний дотор 2018 онд Макаод болсон “World Memory Tour” тэмцээнд түрүүлж байжээ. Хамгийн сүүлд тэрбээр 2024 оны 12 дугаар сард Туркийн Истанбул хотод Дэлхийн оюуны спортын холбооноос зохион байгуулсан ой тогтоолтын ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн юм. Э.Пүрэвжав МУИС-ийн Хуулийн сургуулийг дүүргэсэн бөгөөд өдгөө Австралийн Сиднэй хотод амьдардаг байна.
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын оюун ухааны академи
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.