Газын зурваст дайн эхэлснээс хойш Израиль улсад төрөлт нэмэгджээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-06
2023 оны аравдугаар сард Газын зурваст эхэлсэн дайнаас хойш Израиль улсад төрөлт нэмэгдсэн байна. Тус улсын хууль тогтоох байгууллагын тайланд дурдсанаар, өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар төрөлт 15,968 болж, өмнөх оны мөн үеийнхээс 7 хувиар өссөн байна. Статистикийн ерөнхий газрын мэдээллээр, 2023 онд 172,500 хүүхэд төрж байсан бол өнгөрсөн онд 181,000 болж 4,9 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн оны есдүгээр сард амаржсан эмэгтэйчүүдийн ихэнх нь дайн эхэлсний дараахан буюу 2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сарын хооронд жирэмсэлсэн гэсэн судалгаа гарсан байна. Рамат Ган хотын иргэн 34 настай Хадар Рафаэл болон түүний эхнэр Шир Ной Пэйнер нар дайн ид өрнөж байх үеэр гурав дахь хүүхдээ төрүүлжээ. Тэд Ливи нэртэй охиноо төрсний дараахан агаарын довтолгооны дуут дохио дуугарахад гурван хүүхдээ дагуулан хоргодох байр руу зугтаж байсан тухайгаа ярьсан байна. Гэрийн эзэн "Миний өвөө, эмээ Холокостыг даван туулсан, талийгаач аав маань Израилийн бүх дайнд оролцсон агаарын цэргийн офицер" гэжээ. Мөн гуч гаруй настай эхнэр, нөхөр Ротем Сассон, Ханан Сассон нар дайны дундуур хоёр дахь хүүхдээ төрүүлсэн бөгөөд хүүгээ дөнгөж зургаахан долоо хоногтой байхад нөхөр нь цэрэгт татагдсан байна. Тэрбээр хүүхдийнхээ ирээдүйн төлөө дайсантай тэмцэхээр зориг шулуудсанаа ярьсан байна. Тус улсын хэвлэлд мэдээлснээр, нийслэл хотын эх барих, эмэгтэйчүүдийн тасаг жирэмсэн эхчүүдээр дүүрсэн бөгөөд нэг эмнэлэгт шөнөдөө 50 гаруй хүүхэд төрж байгаа аж. Шинжээчид үүнийг Дэлхийн II дайны дараа АНУ-д болсон "baby boom"-тэй харьцуулсан байна. Эмэгтэйчүүд, хүйсийн тэгш байдлын хорооны дарга Пнина Тамано-Шата "Төрөлт нэмэгдэж байгаа нь манай үндэстний эрч хүч, хамгийн хэцүү цаг үед ч шинэ амьдралыг бий болгож, ирээдүйдээ итгэл төгс байдаг чадварыг харуулж байна" гэжээ. Израильд төрөлтийн түвшин 2022 онд 2.9 хувь байсан нь Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дунд хамгийн өндөр үзүүлэлт юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.