Өмнөд Солонгосын волейболын V-лигт Монголын найман тамирчин нэрээ өглөө
Чихэнд чимэгтэй
2025-03-06
Өмнөд Солонгосын волейболын холбоо өнгөрөгч нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 13-ны хооронд болсон 2025 оны Азийн хагас финалын драфтад бүртгүүлсэн тамирчдыг өнөөдөр танилцууллаа. Тус улсын V-лигт багтахын тулд эрэгтэй хэсэгт 19 үндэсний 100, эмэгтэй хэсэгт 10 улсын 43 тоглогч нэрээ өгсөн байна. V-League буюу V-лиг нь 2005 онд байгуулагдсан, эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон клубтэй мэргэжлийн лиг бөгөөд жил бүр аваргын тэмцээн зохион байгуулдаг ажээ. Эрэгтэй хэсэгт Иранаас хамгийн олон буюу 45 тоглогч, түүний араас Австралийн 11, Индонезийн ес, Казахстаны найм, Пакистаны дөрөв, Япон, Хонконг, Монголын тус бүр гурав, Тайвань, Бахрейн, Тайландын тус бүр хоёр, бусад орноос найман тамирчин өрсөлдөж байна. Харин эмэгтэйчүүдийн хэсэгт Японы 10, Иран, Тайландын тус бүр зургаа, Австрали, Монголын тус бүр тав, Казахстан, Филиппины тус бүр дөрөв, Вьетнам, Индонез, Малайзын тус бүр нэг тамирчин шалгаруулалтад орлоо. Тэдний дунд эрэгтэй хэсэгт шалгарахын төлөө өрсөлдөж буй туршлагатай долоон тамирчин байгаагийн хоёр нь Монголын Баярсайхан, Эдди нар юм. Тэд 2023-2024 оны улиралд “OK Savings Bank”, “Samsung Fire & Marine Insurance”-ийн нэр дээр тогложээ. V-лигийн долоон эрэгтэй баг нь дээрх хоёр компаниас гадна “Hyundai”, “Korean Air”, “KB Insurance”, KEPCO, “Woori Card” компанийнх юм. Шалгаруулалтын дүн ирэх дөрөвдүгээр сарын 11-нд гарч, сонгогдсон тоглогчид ирэх долоодугаар сарын 1-нд лигт нэгдэж, гэрээнд гарын үсэг зурсан өдрөөсөө эхлэн 2026 оны тавдугаар сарын 31 хүртэл тус лигт тоглоно. Эрэгтэй багт шалгарах тамирчны эхний жилийн цалин нь 100 мянган доллар бол эмэгтэй тамирчных 120 мянган доллар ажээ. Харин хоёр дахь жилээсээ 120 болон 150 мянга болж өсдөг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.