images

108 настай япон эмэгтэй дэлхийн хамгийн өндөр настай үсчин боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-06


   Гиннесийн амжилтын ном Зүүн Японы нэгэн тосгонд амьдардаг 108 настай Шицүи Хакоишиг дэлхийн хамгийн өндөр настай үсчин болсныг өчигдөр албан ёсоор зарлалаа. Түүнийг нэг жилийн өмнө 107 настай байхад АНУ-ын Флорида мужид төвтэй “LongeviQuest” компанийн захирал Бэн Мэйэрс мөн л дэлхийн хамгийн өндөр настай үсчнээр өргөмжлөн, батламжийг нь өөрөө хүргэж өгч, үсээ засуулж байв. Хэдийгээр өвдөг нь өвддөг ч өдийг хүртэл тосгондоо үс засаж буй Ш.Хакоиши 1916 оны луу жилд төрсөн бөгөөд анх 14 настайдаа Токиод очиж сургалтад суугаад мэргэжлийн үсчин болсон түүхтэй. Тэрбээр Токиод амьдрал зохиож нөхрөө дайнд явсны дараа Хоккайдо мужийн Камикава хотын Накагава дахь тосгондоо хоёр хүүхдийнхээ хамт иржээ. Гэвч нөхөр нь дайнд үрэгдсэн тул 1953 онд хувийн үсчний газар нээжээ. Түүнээс өмнө Ш.Хакоиши 1934 онд 18 настайдаа үсчний шалгалтад тэнцэж, 1936 онд үсчний эрх авч, үсчний салонд ажиллаж байсан гэнэ. Тэрбээр 2021 онд Токиогийн Олимпын бамбарыг буухиалсан хүмүүсийн нэг юм. Өнгөрсөн жил тэр үс засах гэдэг нэг л зорилгын төлөө хичээнгүйлэн ажиллаж ирсэн тул залуус мөн адил ямар ч эргэлзээгүйгээр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй гэж байсан бол энэ жил “Намайг харахаар олон хүн холоос зорьж ирдэг. Тиймээс би чадах чинээгээрээ ажилламаар байна” хэмээн ярьсныг “Kyodo” агентлаг мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.