Эммануэль Макрон: Европын хувь заяаг АНУ, Орост даатгаж болохгүй
Анд нөхдийн мэдээ
2025-03-07
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон саяхан ард түмэндээ хандан үг хэлэхдээ "Франц улс Украин болон Европын аюулгүй байдлыг хангахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой. Европын ирээдүйг Вашингтон эсвэл Москвад шийдэх ёсгүй" гэжээ. Улмаар АНУ болон түүний холбоотнуудын тэргүүлсэн олон улсын аюулгүй байдал, дэлхийн эдийн засгийн тогтолцоо ганхаж байгаа энэ цаг үед тус улс Европын аюулгүй байдлын шинэ дэг журмыг идэвхтэй эрэлхийлж, тодорхой үүрэг гүйцэтгэх ёстойг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр ирэх долоо хоногт Парист холбоотон орнуудын армийн удирдлагуудын хурлыг зарлан хуралдуулж, Франц зэрэг Европын орнуудаас Украинд цэрэг оруулах боломжийн талаар хэлэлцэх болно гэдгээ мэдэгдэв. Мөн Украины дайн гурван жил гаруй үргэлжилж, нэг сая орчим хүн амь үрэгдэж, АНУ-ын дэмжлэг багасаж байгаа нөхцөлд Франц улс Европын аюулгүй байдлын төлөө тодорхой үүрэг хариуцлага хүлээх шаардлага тулгарч байгааг онцлов. Энэ тухайд тэрбээр "Оросын түрэмгийлэл бол зөвхөн Украины асуудал биш, нийт Европын аюулгүй байдалд заналхийлж буй асуудал" гэсэн байна. Улмаар ОХУ Хойд Солонгосын цэргийг дайчилж, Ираны цэргийн техник хэрэгслийг ашиглаж, Румын, Молдав зэрэг Европын орнуудын улс төрийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлж, кибер халдлага үйлдэх, олон нийтийн санаа бодлыг урвуулах оролдлого хийж байгааг буруушаасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.