images

Пап лам Франциск Ватиканы олон зууны уламжлалд ямар өөрчлөлт хийв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-07


   "Пап өөд болох хүртлээ өвчин тусдаггүй" гэсэн зүйр үг байдаг. Энэ нь Ромын папын биеийн эрүүл мэндийн талаар гаднын хүн мэдэх боломжгүй гэсэн үг юм. Учир нь Ватикан Пап ламын эрүүл мэндийн асуудлыг бүрэн нууцалж, нийтэд мэдээлэхийг эртнээс хориглож ирсэн уламжлалтай. ХХ зууны сүүлчийн пап II Жон Полд 1990-ээд оны эхээр Паркинсоны өвчний шинж тэмдэг илт ажиглагдах болсон юм. Олон нийтийн өмнө гарах үед гар, нүүрний булчин нь чичирч, үг яриа нь тасалдаж байгаа нь хүмүүст илт мэдэгдэж байв. 2005 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Ватиканы Гэгээн Петрийн талбайд болсон Ням гарагийн залбирал дээр Папын хоолой тун сул дуулдаж байсан бөгөөд хэдхэн цагийн дараа Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Пап ламыг хөнгөн ханиад хүрсэн тул маргааш төлөвлөсөн уулзалтаа цуцалж байгааг мэдэгдсэн юм. Хоёр хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр мөн л биеийн байдал нь хүнд биш гэж Ватикан зарласан ч II Жон Пол тэр шөнөдөө эмнэлэгт хэвтжээ. Сэтгүүлчид түүний эрүүл мэндийн талаар олон нийтэд мэдээлэхгүй байгааг эсэргүүцэж байсан бөгөөд Пап лам яг хоёр сарын дараа таалал төгссөн юм. Ийм явдал Ромын пап XXIII Жоны үед ч тохиолдож байлаа. Тэрбээр 1963 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ходоодны хорт хавдраар өөд болсон бөгөөд энэ өвчнөөр найман сар шаналсан нь нас барсных нь дараа олон нийтэд ил болсон юм. Пап лам бол дэлхий дээрх 1.4 тэрбум католик шашинтны тэргүүн билээ. Католик шашинтнууд түүнийг "Бурханы элч" гэж дээдлэн, эрүүл мэндийнх нь талаар хэлэлцэхийг доромжлол гэж үздэг аж.

   Харин Ватиканы олон зуун жилийн хорио цээрийг Пап лам Франциск эвджээ. Тэрбээр өнгөрсөн сарын 14-ний өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээсээ хойш өглөө, оройд хоёр удаа эрүүл мэндийнхээ талаар олон нийтэд мэдээлэхийг Ватиканд даалгасан байна. Пап лам уушгины хатгалгаа туссан бөгөөд биеийн байдал нь нэг хэсэгтээ хүнд байсан гэдгийг Ватикан мэдэгджээ. Цаашилбал, өнгөрсөн сарын 28-ны өдөр гуурсан хоолойн спазмын улмаас амьсгалахад хүндрэлтэй болж, дурангийн шинжилгээнд хамруулах шаардлагатай байгааг мэдээлсэн байна. Пап ламын эрүүл мэндийг гардан хариуцаж буй "Гемелли" эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Сержио Альфиери өнгөрсөн сарын 21-нд болсон хэвлэлийн бага хурал дээр "Пап эрүүл мэндийнхээ талаар олон нийтэд нээлттэй мэдээлж байхыг бидэнд үүрэг болгосон" гэжээ. Пап лам Францискийн энэ шийдвэр нь түүний энгийн, эелдэг зан чанарын бас нэг жишээ юм. Хэрэв тэр өөрийгөө ер бусын хүн гэж үздэг байсан бол эрүүл мэндийн асуудлаа олон нийтэд мэдээлэхийг зөвшөөрөхгүй байх байсан гэж шинжээчид үзэж байна. Улмаар түүний энэ алхам жижиг өөрчлөлт мэт боловч Ватиканы түүхэнд ихээхэн ач холбогдолтой шинэчлэл хэмээн дүгнэжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.