Нярай хүүхдэд цөцгийн тос уулгавал сайн унтдаг уу?
Анд нөхдийн мэдээ
2025-03-10
Нярай хүүхдэд нэг халбага цөцгийн тос уулгаж унтуулбал сайн гэх мэдээлэл АНУ-д сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр тархах болсон тул “New York Post" сонин энэ мэдээллийн үнэн бодитой эсэхийг мэргэжлийн хүмүүсээс тодруулсан байна. “Цөцгийн тосны трэнд”, 'Унтахын өмнөх халбага цөцгийн тос” зэрэг гарчигтайгаар олон нийтийн сүлжээнд цацагдах болсон уг мэдээлэл АНУ-аас Их Британи, Шинэ Зеланд зэрэг бусад оронд тархсан юм. Улмаар цөцгийн тос уусан хүүхэд шөнө сэрэхгүй, бөх унтдаг талаар хүмүүс ярилцах болсон байна. Тэгвэл мэргэжлийн хүмүүс үүнийг огт үндэслэлгүй зүйл бөгөөд харин ч тусгүй хэмээн анхааруулсан байна. Нярай болон бага насны хүүхдийн хоол тэжээлийн мэргэжилтэн Шарлотт Стирлинг-Рид нийгмийн сүлжээ энэ мэт ташаа мэдээллээр дүүрэн байгааг анхааруулаад "Натри болон ханасан тос ихтэй цөцгийн тосыг нярай болон бага насны хүүхдүүд хэрэглэх нь сөрөг нөлөөтэй” гэжээ. Түүний үзэж буйгаар цөцгийн тос нь гулгамтгай бүтэцтэй байдаг тул хооллох чадвараа хараахан хөгжүүлж амжаагүй хүүхдийн амьсгалыг боогдуулах аюултай гэнэ. Мөн тэрбээр "Цөцгийн тосыг цайнд хийх, талхан дээр нимгэн түрхэж идэхэд л зүгээр. Харин нярай хүүхдэд шууд уулгаж болохыг анагаах ухаан зөвлөж байсан удаагүй" гэжээ. Эцэст нь нярай хүүхэд шөнө сэрэх нь эрүүл, хэвийн үзэгдэл гэдгийг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.