Казахстан: Сайн дураараа барьцаанд орж хүний амь аварсан эрийг ерөнхийлөгч шагнана
Анд нөхдийн мэдээ
2025-03-10
50 гаруй насны эр барьцаанд орсон эмэгтэйн оронд сайн дураараа барьцаалагдаж, улмаар гэмт этгээдийн үйлдлийг саатуулж чадсан явдал Казахстан улсад гарчээ. Тус улсын “Tengri News” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн 7-ны өдрийн 11:45 цагийн орчимд Алматы хотын нисэх буудлын танхимд гэмт этгээд хүн барьцаалсан хэрэг гарсан байна. Аюулгүй байдлын хяналтын байцаагч эмэгтэй 60 гаруй насны үйлчлүүлэгчээс бичиг баримтаа үзүүлэхийг хүсэхэд тэрбээр эсэргүүцэхээр барахгүй хутга гаргаж ирэн уг ажилтныг барьцаалсан байна. Энэ үед дунд эргэм насны эрэгтэй барьцаалагчид дөхөж очоод “Эмэгтэй хүнийг хэрэггүй. Оронд нь намайг барьцаал” гэхэд уг этгээд эмэгтэйг шууд суллаж оронд нь түүнийг барьцаалжээ. Цагдаа нар ирж гэмт этгээдтэй ярилцаж байх хооронд нөгөө эр барьцаалагчийн хутгыг булаан авсан бөгөөд улмаар цагдаа нартай хамтран баривчилсан байна. “Tengri News” агентлагийн мэдээлснээр тэр хүн бол хоёр охины эцэг, 52 настай Муса Абдраим байсан аж. Тэрбээр "Хүмүүс хашхирах чимээ сонсоод очиход гэмт этгээд залуу эмэгтэйг барьцаалан хутга тулгасан байсан. Тэр бүсгүйг аваръя гэж надад шууд бодогдсон” гэжээ. Муса Абдраим нь цэргийн алба хаасан, кикбокс зэрэг тулааны урлагаар хичээллэж байсан тамирчин хүн аж. Казахстаны ерөнхийлөгч К.Токаев түүний эр зориг, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, төрийн одонгоор шагнана гэдгээ мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.