Канадын шинэ ерөнхий сайд тодорлоо
Анд нөхдийн мэдээ
2025-03-10
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо ажлаа өгч дараагийн ерөнхий сайдаар Либерал намын дарга, тус улсын Төв банк болон Английн Төв банкны ерөнхийлөгчийн алба хашиж байсан, нэртэй эдийн засагч Марк Карни сонгогдлоо. Эрх баригч Либерал нам өчигдөр мэдээлэл хийхдээ, намын 150 мянга гаруй гишүүний нууц санал хураалтын дүнгээр М.Карни 85-аас дээш хувийн саналаар өрсөлдөгчдөө илт давуу ялж сонгогдсон болохыг дурджээ. М.Карни нь дэлхий дахинд нэрд гарсан эдийн засагч боловч улс төрд оролцож байгаагүй аж. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Канадын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах тухай зарлигт гарын үсэг зурснаар хоёр улсын харилцаанд таагүй уур амьсгал бий болсон энэ цаг үед канадчууд энэхүү түрэмгий бодлогод оновчтой хариу арга хэмжээ авч чадах хүнээ сонгосон хэмээн “Reuters” агентлаг дүгнэжээ. Шинэ ерөнхий сайд хэлсэн үгэндээ "Бид улс орноо дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсэн. Гэтэл хөрш улс маань биднийг эрхшээлдээ оруулахыг санаархаж байна. Бид ийм явдлыг хүлээн зөвшөөрч огт болохгүй” гэжээ. 1965 онд Канадад төрсөн М.Карни 1988 онд Харвардын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар Оксфордын их сургуульд ижил мэргэжлээр магистр, докторын зэрэг хамгаалсан байна. Төрийн албанд орохоосоо өмнө тэрбээр “Goldman Sachs” банкны Лондон, Нью-Йорк, Токио дахь салбарт 13 жил ажилласан бөгөөд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр Канадын Төв банкны ерөнхийлөгчийн албыг хаших болсноор олон улсын тавцанд танигдаж эхэлсэн юм. Улмаар 2013 онд Их Британийн Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Европын холбооноос Их Британийг гаргах явдлыг тойрсон эмх замбараагүй байдлыг зохих ёсоор зохицуулсан гэж үнэлэгддэг. М.Карни өмнөх ерөнхий сайдын байр суурийг дэмжиж, хэрвээ АНУ өндөр татвар ногдуулбал хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн сард CNN-д өгсөн ярилцлагадаа “Тусгаар тогтносон Канад улсыг АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд удаа дараа доромжилж байсан” хэмээн мэдэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.