30 хоног гал зогсоох саналыг Украин улс хүлээн авлаа
Анд нөхдийн мэдээ
2025-03-12
Өчигдөр Саудын Арабын Жидда хотноо болсон АНУ, Украины аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт амжилттай боллоо. АНУ-ын зүгээс түр зогсоогоод байсан цэргийн тусламжаа нэн даруй сэргээхээр болж, Украины тал АНУ-ын тавьсан 30 хоногийн хугацаатай түр гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрөв. Мөн өнгөрсөн сарын 28-нд Цагаан ордонд болсон уулзалтаар түр хойшлуулаад байсан ашигт малтмалын гэрээг аль болох хурдан байгуулахаар тохиролцжээ. Есөн цаг үргэлжилсэн уулзалтын дараа хоёр тал хамтарсан мэдэгдэл хийж "Украинд урт удаан хугацаанд энх тайван тогтоох талаар чухал алхмуудыг хийлээ" хэмээн мэдэгдсэн байна. Улмаар Оросын тал хүлээн зөвшөөрч нэгэн зэрэг хэрэгжүүлсэн тохиолдолд 30 хоногийн хугацаанд гал зогсоох АНУ-ын саналыг Украин хүлээж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Мөн хэлэлцээ хийх багийг томилж, Украины урт хугацааны аюулгүй байдлыг хангах, байнгын энх тайвныг тогтоох хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэхээр тохиролцсон бөгөөд АНУ эдгээр саналуудыг Оросын төлөөлөгчидтэй хэлэлцэж зөвшөөрүүлэх үүрэг хүлээсэн байна.
Ашигт малтмалын гэрээний тухайд Украины урт хугацааны хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг хангах үүднээс тус улсын ашигт малтмалын нөөцийг аль болох хурдан ашиглах иж бүрэн хэлэлцээр байгуулахаар санал нэгдсэн байна. Түүнчлэн Европын түншүүд энхийн үйл явцад оролцох ёстойг Украины төлөөлөгчид нэг бус удаа онцолжээ. АНУ-ын тал “Тэсвэр тэвчээр, эрэлхэг зориг гарган эх орноо хамгаалсаар ирсэн Украины ард түмний эр зоригийг өндрөөр үнэлж байна" гэсэн бол Украины төлөөлөгчид “Ерөнхийлөгч Д.Трамп болон Америкийн ард түмэн энх тайвныг тогтоохын төлөө нөр их зүтгэл гаргаж ирсэнд Украины ард түмэн гүнээ талархаж байна” гэжээ. Талууд мөн энхийн үйл явцын нэг хэсэг болох хүмүүнлэгийн тусламж, тухайлбал, гал зогсоох хугацаанд олзлогдогсдыг солилцох, энгийн хоригдлуудыг суллах, албадан авч явсан украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах зэрэг асуудлын хөндөн ярилцсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.