"Чингис хаан" үзэсгэлэнг Прага хотод нээлээ
Чихэнд чимэгтэй
2025-03-12
“Чингис хаан” олон улсын үзэсгэлэн өчигдөр Прага хотын Үндэсний музейд нээгдлээ. 2023 онд Францын Нант хотын, 2024 онд "Чингис хаан" музейд гарсан энэ үзэсгэлэнг Монгол, Чехийн ерөнхийлөгч нар нээсэн бөгөөд үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 22-ныг дуустал гарна. Үзэсгэлэнд “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэж байгаа юм. Ингэхдээ үзэсгэлэнг гурван хэсэгт хуваасан байна. Эхний хэсэгт Их Монгол улсын үед хамаарах зэр зэвсэг тэргүүт олдвор бол хоёрдугаар хэсэгт Их Монгол улсаас өмнөх үеийн буюу Хүннүгийн үеийн булш зэргээс илрүүлсэн олдвор, удаах хэсэгт Хархорум хотод холбогдох дурсгалуудыг үзүүлэх ажээ. Прагийн Үндэсний музейг өнгөрсөн онд 1.2 сая хүн үзсэн бөгөөд энэ удаа Чингис хааны тухай ховор сонин үзмэр бүхий үзэсгэлэн дэлгэж байгаа тул үзэгчид нэмэгдэнэ гэдэгт итгэж буйгаа музейн удирдлага хэлсэн байна. Үзэсгэлэнг нээх үеэр Монголын ШУА, Чехийн Үндэсний музей хооронд гэрээ байгуулж, 2027 онд Прага хотноо гаргах “Үлэг гүрвэлүүд, луунууд” үзэсгэлэнд зориулан палеонтологийн ховор олдворуудыг зээлээр олгохоор болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.