Марадонагийн үхэл аллага байсан уу?
Анд нөхдийн мэдээ
2025-03-13
Аргентины прокурор дэлхийн хөл бөмбөгийн од Диего Марадонагийн үхлийг аллага байсан хэмээн дүгнэж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардсан талаар "La Nacion" сонин мэдээллээ. Таван жилийн өмнө Д.Марадонаг эмчилж байсан эмнэлгийн долоон ажилтны анхан шатны шүүх хурал Буэнос Айрес хотод энэ өдрүүдэд болж байгаа юм. Сан-Исидро дүүргийн прокурор Патрисио Феррари 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр алдарт хөлбөмбөгчний нас барахынхаа өмнөхөн орондоо хэвтэж буй гэрэл зургийг шүүхийн танхимд байрлуулсан бөгөөд зураг дээр өвчтөний амнаас гуурс унжиж, гэдэс нь маш ихээр хөөж хавдсан байдалтай харагдана. Шүүх хурал дээр прокурор "Шүүгдэгчид Д.Марадонагийн гэрт аллага зохион байгуулсан" гэж мэдэгджээ. Д.Марадона 2020 оны арваннэгдүгээр сард тархины хагалгаанд ороод эмнэлгээс гарч гэртээ сувилуулж байхдаа зүрхний дутагдал, уушигны цочмог хавангийн улмаас 60 насандаа таалал төгссөн юм. Жил гаруй хугацаанд мөрдөн байцаалт явуулсан прокурорууд тухайн үед гэрт нь эмчилж байсан хүмүүс зохих арга хэмжээ аваагүйн улмаас Д.Марадонаг үхэлд хүргэсэн гэж дүгнэн "Эмч нар ажлаа зохих ёсоор хийгээгүй" гэсэн байна. Харин түүний хувийн эмч байсан Леопольдо Луке болон өмгөөлөгчид "Эмчилгээг ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр хийсэн бөгөөд хүний амь бүрэлгэх зорилго агуулаагүй” гэсэн байна. Гэм буруутай нь тогтоогдвол шүүгдэгчид дээд тал нь 25 жилийн ял авна. Д.Марадонагийн шүтэн бишрэгчид шүүхийн гадаа "D10S" гэсэн бичигтэй лоозон барин цугларч, гэмт этгээдүүдийг шийтгэхийг шаардаж байгаа бөгөөд энэ бичиг нь алдарт хөлбөмбөгчний өмсгөлийн дугаар (10) болон "Бурхан" (Dios) гэсэн испани үгийг нэгтгэсэн үг ажээ. Шүүх хурал үргэлжилж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.