images

Шатрын бодлого зохиогч Л.Тогоохүү Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-13


    Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар энэ сарын 11-ний өдөр Төрийн ордны "Морин хуур" танхимд шатрын ахмад зүтгэлтнүүдийг хүлээж авч, золголт хийхийн зэрэгцээ төрийн дээд одон, медалиар шагналаа. Энэ үеэрээ шатрын спортын нэг төрөл гэгддэг шатрын бодлогыг Монголд 40 гаруй жил хөгжүүлж буй Л.Тогоохүүд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээжээ. Шатрын бодлого гэдэг нь хөлөг дээр төрөл бүрийн нүүдлийн бодлого бодох эсвэл шинээр зохиохыг хэлдэг. Шатрын бодлого бодолтын мастер Л.Тогоохүү нь 1978 оноос 300 шахам бодлого зохиож, Герман, Израиль, Итали, Латви, Македон, Румын, ОХУ, Серби, Швед, Украин зэрэг 20 гаруй улсад болсон уралдаан, тэмцээнүүдэд 30 удаа шагналт байранд шалгарч байжээ. Үүнээс долоон удаад нь тэргүүн байр эзэлсэн байна. Түүнчлэн шатрын бодлого зохиомж, хөгжүүлэлтийн талаар дотоод гадаадын хэвлэлд 50 гаруй материал нийтлүүлж, 10 гаруй цуврал товхимол хэвлүүлж, бодлого бодолтын 12 удаагийн УАШТ, Монгол улсад явагдсан Өсвөрийн шатарчдын дэлхийн Олимпиад, өсвөрийн ААШТ, Зүүн өмнөд Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний үеэр шатрын бодлогын олон тэмцээн санаачлан явуулж байжээ. Сонирхуулахад, 2015 оноос хойш манай улсаас шатрын бодлого бодолтын төрлөөр Их мастер нэг, Олон улсын хэмжээний мастер гурав, Спортын мастер цолтон 10 төрсөн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.