Д.Трамп: ОХУ гал зогсоох гэрээг зөвшөөрөхгүй бол санхүүгийн маш хатуу арга хэмжээ авна
Анд нөхдийн мэдээ
2025-03-13
АНУ, Украины хооронд хэлэлцэн тохирсон 30 хоног гал зогсоох төлөвлөгөөнд Москва гарын үсэг зурахгүй бол Оросын санхүүгийн үйл ажиллагаанд маш хохиролтой шийдвэр гаргаж болзошгүй гэж ерөнхийлөгч Дональд Трамп анхаарууллаа. Дээрх төлөвлөгөөний дагуу 13-ны пүрэв гарагаас эхлэн тулаан зогсоно гэж найдаж байгаагаа Европын орнууд илэрхийлсэн бол сүүлийн гурван жилийн дайнаар алдсан газар нутгаасаа Украин бүрмөсөн татгалзаж, мөн НАТО-д гишүүнээр элсэх зорилгоо орхих баталгаа өгөөгүй цагт түр гал зогсоохгүй гэдгээ ОХУ мэдэгджээ. Ерөнхийлөгч В.Путин гал зогсоох тухай яриа гарсны маргааш буюу 12-ны шөнө Курск муж дахь Оросын цэргийн командлалын байранд цэргийн дүрэмт хувцастай очиж, Украины цэргийн хүчний талаарх тайланг сонссон юм. Үүний дараа сэтгүүлчидтэй уулзахдаа тэрбээр "Бидэнд эвлэрэл биш, ОХУ болон оросуудын аюулгүй байдлыг хангах урт хугацааны, мөнхийн энх тайван хэрэгтэй байна" гэжээ. Харин Д.Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр “Би Орост маш муу үр дагавар учруулах санхүүгийн арга хэмжээ авч чадна. Ингэвэл Орос улс сүйрнэ. Гэхдээ би үүнээс илүү энх тайвныг хүсч байна" гэсэн юм. Үүний зэрэгцээ, Их Британи, Франц, Герман, Итали, Польшийн Батлан хамгаалахын сайд нар мөн 12-ны өдөр Парис хотноо уулзаж, гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц Украинд байршуулах Европын аюулгүй байдлыг хангах хүчний бүрэлдэхүүн болон аюулгүй байдлыг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.