images

Дээд лигийн шилдэг гадаад тоглогчоор америк легионер тодорчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-13


   Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт олон улсаас легионер тамирчид ирж тоглодог болоод удаж буй. Энэ нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд ахиц дэвшил, тамирчдыг олон улсад гарахад гарц болж байгаа төдийгүй Монголын сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний дээд лигийн тухайн улирлын шилдгүүдийг тодруулахдаа гадаад тоглогчдоос нэгийг нь шалгаруулдаг уламжлалтай болсон билээ. Тэгвэл энэ удаагийн буюу 2024-2025 оны шилдэг олон улсын тоглогчийн "International Player Of The Year” шагналын эзнээр "Бишрэлт Метал" багийн легионер, АНУ-ын иргэн Байрон Уэсли шалгарсан байна. Энэ жил 32 настай, 192 см өндөр түүний энэ улирлын 23.2 оноо, 6.2 самбар, 5.8 оновчтой дамжуулалт, 1.7 бөмбөг таслалт, 56 хувийн довтолгоотой дундаж үзүүлэлт нь шилдэг болоход нөлөөлжээ. Тэрбээр өмнө нь Финланд, Ирак,  Грекийн лиг болон АНУ-ын USC болон "Gonzaga" их сургуулийн коллежийн багт тоглож байгаад 2024 онд Монголд  иржээ.

  Сонирхуулахад, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнд хамгийн анх 1995 онд Томас Жүүд, Даррен Бэркли тэргүүтэй легионер тоглогчид "1+11" багийн бүрэлдэхүүнд багтан тоглож байжээ. Гэхдээ тэдний хувьд мэргэжлийн сагсан бөмбөгчийн гэрээгээр бус манай улсад ажиллаж, аялж байх үедээ тоглосон нь энэ аж. Харин хамгийн анхны мэргэжлийн гэрээтэй легионер тоглогчид болох К.Жэффри, К.Уиллиамс нар 2011 оны Монголын сагсан бөмбөгийн холбооны 14 дэх удаагийн "Nissan" премьер лигийн аварга шалгаруулах тэмцээнд "Аватар" багт тоглож байжээ. Түүнээс хойш Монголын сагсан бөмбөгт гаднын тоглогчид ирж тоглох нь жирийн үзэгдэл болсон  билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.