Америкийн нөлөөлөгч бүсгүй юуны учир австраличуудын дургүйг хүргэв?
Анд нөхдийн мэдээ
2025-03-14
Америкийн нөлөөлөгч бүсгүй зөвхөн Австралид байдаг дархан цаазат вомбат хэмээх ховор амьтны зулзагыг эхээс нь булаан аваад тэвэрч буй бичлэгээ цахим орчинд нийтэлсэн нь австраличуудын дургүйцлийг төрүүлэв. Тус улсын Дотоод хэргийн сайд Тони Берк тэр өдөр нь мэдэгдэл гаргаж, Сэм Жонс хэмээх тэр эмэгтэйн визний асуудал болон амьтан хамгаалах журам зөрчсөн эсэхийг шалгаж эхэлсэн болохыг зарлажээ. С.Жонс бол "Instagram"-д 90 мянган дагагчтай, өөрийгөө “байгальд хайртай аялагч, анчин" хэмээн тодорхойлдог нэгэн юм. Вомбат бол зөвхөн Австрали тивд амьдардаг имжний төрлийн уутат амьтан бөгөөд хуулиар хамгаалагдсан дархан цаазтай амьтан аж. Жижигхэн, өхөөрдөм төрхөөрөө австраличуудын хайрыг хүлээсэн энэ амьтныг барих, агнах, гэмтээхийг хуулиар хориглосон байдаг бөгөөд зөвхөн зарим нэг тусгай хамгаалалттай газарт гаршуулж тэжээхийг зөвшөөрдөг аж. Бичлэг дээр нөлөөлөгч бүсгүй замын хажуугийн ойн захад вомбатын зулзагыг эхээс нь салгаж авах үед эх нь зулзагаа харамлан гүйж ирэхэд түүнийг үл ойшоон дээш өргөн камерт харуулна. Улмаар зулзага тийчлэн орилоход сая цардмал зам дээр тавьж буй байдал буужээ. Тэрбээр “Бяцхан вомбат эхтэйгээ хамт ой руу явж одлоо” гэсэн тайлбар хийсэн ч яг эхтэйгээ эргэн нийлж буй байдал харагдаагүй байна.
Энэхүү бичлэгийг үзсэн австраличууд ихэд дургүйцэж, С.Жонсыг албадан гаргахыг хүссэн цахим өргөдөлд 10 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. Түүнээс гадна Дэлхийн амьтан хамгаалах холбооноос Австралийн Засгийн газарт хандан, америк бүсгүйг амьтан хамгаалах хууль зөрчсөн эсэхийг сайтар шалгахыг уриалсан байна. Гадаад хэргийн сайд Пенни Вонг түүний визийг цуцлах асуудлыг авч үзэхээ мэдэгдсэн бол ерөнхий сайд Энтони Албанез уг явдалд ихэд цочирдсоноо хэлсэн төдийгүй С.Жонст хандан "Тийм сүрхий амьтан тэврэх дуртай юм бол матраас зулзагыг нь булааж аваач” гэжээ. Үүний хариуд нөлөөлөгч бүсгүй "Би зүгээр л өхөөрдөөд нэг минут орчим зөөлөн тэврээд эхэд нь буцааж өгсөн. Түүнд ямар ч хор хөнөөл учруулаагүй” гэсэн тайлбар хийсэн ч шүүмжлэл өрнөсөөр байсан тул тэрбээр цахимд байршуулсан бичлэгээ устгаж "Instagram" хаягаа хувийн тохиргоотой болгожээ. Тэрбээр одоо Австралид байгаа эсэх нь тодорхойгүй байна. Эцэст нь Дотоод хэргийн сайд Тони Берк түүнийг дахин улс орондоо нэвтрүүлэхгүй хэмээн мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.