Австралид үүссэн далайн хөөс ямар учиртай вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-03-14
Австралийн Квинслэнд мужийн зүүн өмнөд хэсгээс Шинэ Өмнөд Уэльсийн хойд хэсэг хүртэлх далайн эрэгт асар том хөөсөн давалгаа үүссэн байна. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд далайн давалгаа бүхэлдээ хөөсрөн эргэлдэж, хүмүүс дунд нь наадан зугаацаж буй дүрс бичлэгийг олноор нийтэлжээ. Энэ нь саяхан Австралийг дайрсан халуун орны “Альфред” циклоноос болж үүссэн үзэгдэл ажээ. Хоёр долоо хоногийн турш далайн эрэг дагуу хөдөлсөн циклон далайн усыг огцом хөдөлгөөнд оруулж, давс, уураг, өөх тос, ялзарсан замаг зэрэг янз бүрийн органик бодисууд холилдон ийнхүү далайн хөөс үүсгэсэн байна. Органик бодис ихсэх үед далайн усны зуурамтгай чанар нэмэгдэж, энэ төлөвт хүчтэй долгион үүсэхэд ус ийнхүү хөөсөрдөг ажээ. Энэ үзэгдэл Австрали төдийгүй АНУ, Испани зэрэг оронд ажиглагддаг. Дийлэнх нь далайн экологийн мөчлөгийн дагуу байгалиасаа бий болоод аажмаар алга болдог учраас хүний биед хоргүй. Гэсэн хэдий ч сүүлийн үед хүрээлэн буй орчны бохирдлын улмаас хүнд металл, хуванцар зэрэг хортой бодис агуулсан байж болзошгүй тул аль болох далайн хөөсөнд орохгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.