Д.Трамп, В.Путин нар энэ долоо хоногт утсаар ярина
Чихэнд чимэгтэй
2025-03-17
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинд гал зогсоох асуудлыг түргэтгэх зорилгоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ долоо хоногт утсаар ярихаар болсныг Д.Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткоф өчигдөр мэдэгдлээ. CNN агентлагийн “State of the Union” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө С.Уиткоф “Хоёр ерөнхийлөгч энэ долоо хоногт утсаар холбоо барьж, маш эерэг, нааштай яриа өрнүүлэх төлөвтэй байна” гэжээ. Мөн гал зогсоох тохиролцоонд талууд ойрын үед хүрнэ хэмээн найдаж байгаагаа тэрбээр хэлсэн байна. С.Уиткоф өнгөрөгч 13-ны өдөр Москвад хүрэлцэн ирж ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзсан юм. В.Путинтай уулзсан тухайгаа тэрбээр “Шийдвэр гаргахад тууштай чиглэсэн уулзалт” хэмээн дүгнэсэн бөгөөд гал зогсооход Оросын талын тавьж буй болзлын талаар ярихаас зайлсхийсэн байна. Гэхдээ “Украинаас Оросын булаан авсан нутгийг хэрхэх талаарх асуудал гал зогсоох хэлэлцээний чухал хэсэг байх болно” гэжээ. Мөн түүний ярьснаар, Америкийн тал мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар Украины талтай хэлэлцсээр байгаа ажээ. Харин ТАСС агентлагт ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр, С.Уиткоф Москвад Украины асуудал төдийгүй АНУ-ОХУ-ын харилцааны асуудлыг ч мөн хэлэлцэх зорилготой ирсэн гэнэ.
Гэрэл зургийн эх сурвалж: "Associated Press" агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.