images

“Starbucks” компани кофенд түлэгдсэн хүргэлтийн ажилтанд 50 сая доллар төлнө

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-03-17


   АНУ-ын Калифорниа мужийн шүүх халуун кофенд түлэгдсэн хүргэлтийн ажилтанд 50 сая долларын нөхөн төлбөр олгуулах шийдвэр гаргасан талаар CNN мэдээллээ. Төлбөрийг “Starbucks” компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Майкл Гарсиа хэмээх тэр хүн “Starbucks”-ын үйлчлүүлэгчийн захиалгыг хүргэж явах замд халуун кофетэй аягыг дутуу тагласан байснаас өвөр дээр нь асгарч гуя, бэлэг эрхтэн нь түлэгдсэн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. М.Гарсиа улмаар арьс нөхөх хэд хэдэн удаагийн хагалгаанд орсон төдийгүй сэтгэл санааны хүнд хохирол амссан, биеийн байдал нь одоо хүртэл дээрдэхгүй байгаа хэмээн заргалдсан аж. Уг явдал 2020 онд Лос-Анжелес хотод болсон байна. Шүүх түүний нэхэмжлэлийг үндэстэй хэмээн үзэж дээрх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан бөгөөд “Starbucks” компани нөхөн төлбөрийг хэтэрхий өндөр тогтоосон хэмээн үзээд, давж заалдахаар болсноо мэдэгдлээ.

   Үүнтэй төстэй явдал 1994 онд тохиолдож байсан нь “McDonald’s” түргэн хоолны газрын үйлчлүүлэгч эмэгтэй өвөр дээрээ халуун кофе асган гуравдугаар зэргийн түлэгдэлт авснаар шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүх “McDonald’s” компаниас гурван сая долларын нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байсан юм. 

Гэрэл зургийн эх сурвалж: "Associated Press"  агентлаг.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.