Тусгай хүчний байлдагч, Харвардын их сургууль төгссөн эмч сансрын нисэгч болсон түүх
Чихэнд чимэгтэй
2025-03-17
Олон улсын сансрын нислэгийн түүхэнд ховор ажил мэргэжлийн түүхтэй нэгэн хүн ирэх дөрөвдүгээр сард сансарт нисэх гэж байна. Тэр хүн бол АНУ-ын иргэн Жонатан Ким бөгөөд бага залуугаасаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тусгай ангид алба хаан дэлхийн халуун цэгүүдэд байлдааны даалгавар биелүүлж, Харвардын их сургуульд суралцан эмчийн дээд мэргэжил эзэмшиж, одоо харин сансарт нисэх гэж байгаа нь энэ юм.
Ж.Ким Калифорниа мужийн Лос-Анжелес хотод Өмнөд Солонгосоос цагаачлан ирсэн айлд 1984 онд төржээ. Дунд сургуульд байхдаа спортоор идэвхтэй хичээллэн усан пологоор өндөр амжилт гаргаж байв. Багадаа тэрбээр маш зожиг, аймхай хүүхэд байснаа хэвлэлд өгсөн ярилцдагадаа дурдсан байдаг. Өмнөд Солонгосын “Chosun Ilbo” сонины бичсэнээр, Лос-Анжелест архины дэлгүүр ажиллуулдаг Кимийн аав эхнэр, хоёр хүүгээ дарамталдаг байсан бөгөөд гэрийнхэндээ буу гарган танхайрч байгаад цагдаагийнханд буудуулж нас барсан байна.
Жонатан хүү дунд сургуулиа дүүргээд Тэнгисийн цэрэгт саналаараа элсэж тусгай ажилтан бэлтгэх хоёр жилийн курсэд суралцаад SEAL буюу Тэнгисийн цэргийн хүчний тусгай ангид оржээ. Улмаар Ойрх Дорнодын орнуудад хоёр удаа томилогдон ажиллахдаа 100 гаруй тусгай ажиллагаанд оролцон эмч, мэргэн буудагч, чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэв. Тэрбээр 2012 онд Сан Диегогийн их сургуулийг математикийн шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй төгссөн бол 2016 онд Харвардын их сургуулийг дүүргэн анагаахын шинжлэх ухааны PhD зэрэг хамгаалжээ. Улмаар Массачүсэтсийн их сургуулийн эмнэлэгт ажиллаж байгаад NASA-гийн сансрын нисэгчдийн отрядад элссэн байна.
Ж.Ким АНУ-ын Зэвсэгт хүчний командлалаас тусгай ажиллагаанд оролцож гавьяа байгуулсан алба хаагчдад олгодог “Мөнгөн од”, “Хүрэл од” зэрэг хэд хэдэн медалийг хүртсэн бөгөөд “Мөнгөн од”-ыг галын шугамаас Иракийн нэг бус шархадсан цэргийг аварсны улмаас хүртжээ. 2023 оны байдлаар тэрбээр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ахлах дэслэгч цолтой байна. Ж.Ким 2017 онд NASA-гийн сансрын нисэгчдийн сонгон шалгаруулалтад 13800 хүн оролцон шалгалт өгөхөд шилдэг 12-т шалгаран тэнцсэн юм. Улмаар шат дараатай бэлтгэл, сургуулилалтад хамрагдсаны дүнд 2024 оны наймдугаар сард NASA-гаас албан ёсоор зарласнаар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8-нд сансарт нисэх багийн бүрэлдэхүүнд багтсан билээ. Олон улсын сансрын нислэгийн станцад ажиллах “Expedition 72/73” багийн бүрэлдэхүүнд тэрбээр Оросын сансрын нисэгч Алексей Зубрицкий, Сергей Рыжников нартай хамт “Союз МС 27” хөлгөөр хөөрнө. Энэ жил 41 нас хүрч буй Ж.Ким эхнэртэй, гурван хүүхэдтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.