Д.Трампын засаг захиргаа 43 орны иргэдийн Америкт нэвтрэх эрхийг хязгаарлана
Анд нөхдийн мэдээ
2025-03-17
Дональд Трампын засаг захиргаа Хойд Солонгос, Иран, Орос, Венесуэл зэрэг 43 орны иргэдийн АНУ-д нэвтрэх эрхийг хязгаарлах талаар хэлэлцэж байгаа тухай “The New York Times” сонин мэдээлэв. Нэрээ нууцалсан Засгийн газрын албан тушаалтнуудын хэлснээр, АНУ-ын Төрийн департамент иргэдийг нь хилээр нэвтрэхийг хориглох 43 орны жагсаалтыг гаргаж, Элчин сайдын яамд, бусад холбогдох байгууллага болон тагнуулын агентлагуудаас санал авч байгаа аж. Төсөлд уг орнуудыг гурван үе шаттайгаар ангилжээ. Эхнийх нь АНУ-д нэвтрэхийг бүрэн хориглосон "улаан жагсаалт” бөгөөд Хойд Солонгос, Афганистан, Бутан, Куба, Иран, Ливи, Сомали, Судан, Сири, Венесуэл, Йемен зэрэг 11 улс энд багтсан байна. Дараа нь Беларусь, Эритрей, Хаити, Лаос, Мьянмар, Пакистан, Орос, Сьерра-Леоне, Өмнөд Судан, Туркменистан зэрэг аялал жуулчлалын хязгаарлалттай 10 улсыг "улбар шар жагсаалт”-ад оруулжээ. Эдгээр орноос бизнес эрхлэхээр ирсэн чинээлэг хүмүүсийг АНУ-д нэвтрэхийг зөвшөөрдөг боловч цагаачлалын болон жуулчны визээр нэвтрэхийг хориглодог. Нэмж дурдахад эдгээр улсын иргэд АНУ-ын виз авахын тулд нүүр тулсан ярилцлагад орох шаардлагатай байдаг. Хамгийн сүүлд 22 орон “шар жагсаалт”-ад орсон бөгөөд АНУ-ын тавьсан болзлыг 60 хоногийн дотор шийдвэрлэхгүй бол “улаан” эсвэл “улбар шар” жагсаалтад шилжиж магадгүй юм. Цагаан ордон эдгээр орнуудыг гадаад паспорт эзэмшигчдийн талаарх мэдээлэл дутмаг, паспорт олгох үйл явцын аюулгүй байдал хангалтгүй, хилээр нэвтрэхийг хориглосон улсын иргэдэд иргэншлээ худалддаг гэж үзжээ. Төрийн департамент олон нийтийн санал асуулга явуулсны дараа шийдвэрээ эцсийн байдлаар ирэх долоо хоногт ерөнхийлөгчид өргөн барихаар төлөвлөжээ. Жагсаалт хэрэгжиж эхэлбэл, дээрх улсын иргэдийн визний хүчинтэй байх эсвэл байнгын оршин суух эрхэд нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ерөнхийлөгч Д.Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа исламын шашинтай зарим орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон зарлиг гаргаж байв. Харин Жо Байдены засаг захиргааны үед уг хоригийг өөрчилсөн боловч Д.Трамп албан тушаалдаа орсныхоо дараахан буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд, хязгаарлалтыг нь дахин хянаж үзэх шаардлагатай улсуудын жагсаалтыг гаргах тушаалд гарын үсэг зурсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.