Польшийн ерөнхий сайд Холливүүдийн жүжигчнийг "Жэймс Бонд болгоод өгье" гэжээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-17
Польшийн ерөнхий сайд Дональд Туск тус улсын иргэн болоод буй Холливүүдийн жүжигчин Жэсси Айзенбэргийг цэргийн бэлтгэлд хамрагдахыг санал болгожээ. Польшийн еврей гаралтай Ж.Айзенбэрг өнгөрсөн жил тус улсын иргэн болох хүсэлт гаргасан юм. Тухайн үед "Манай удам угсаа Польшид олон зуун жил, харин Нью-Йоркт 80 жил амьдарсан" гэж мэдэгдсэнийх нь хариуд ерөнхийлөгч Анжей Дуда өнгөрсөн 4-ний өдөр Нью-Йорк хотод очихдоо Польшийн иргэний үнэмлэхийг биеэр гардуулж өгсөн билээ. Үнэмлэх хүлээж авсныхаа маргааш өглөө Ж.Айзенбэрг зурагт үзтэл Польш улс эрэгтэйчүүдийг заавал цэргийн бэлтгэлд хамруулахаар болж байгааг мэдээлсэн бөгөөд үүнийг үзээд сандарсан тухайгаа тэрбээр NBC телевизийн оройн хөтөлбөрт саяхан орохдоо хошигнож ярьсан юм. Энэ нэвтрүүлгийг үзсэн Д.Туск X (хуучнаар Твиттер) хуудсандаа "Сандрах хэрэггүй ээ, Жэсси! Зүгээр л хүрээд ир. Бид чамайг шинэ Жэймс Бонд болгоод өгье” гэсэн байна.
Ж.Айзенбэрг бол 2010 онд "The Social Network" кинонд “Facebook”-ийг үндэслэгч Марк Зукербергийн дүрийг бүтээж алдаршсан Холливүүдийн жүжигчин, найруулагч юм. Тэрбээр өнгөрсөн жил “А Real Pain” кинонд ажиллаж байхдаа Польшийн иргэн болохоор шийдсэн гэдэг. Ж.Айзенбэрг Холокостыг даван туулсан эмээгийнхээ гэрээслэл ёсоор Польш руу аялж буй үеэл ах дүү нарын тухай өгүүлдэг энэ киноны гол дүрд тоглосон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.