images

Технологийн мэргэжилтнүүдэд олгох Өмнөд Солонгосын тэргүүн зэргийн визний шалгуур юу вэ?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-17


   Өмнөд Солонгос улс хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч зэрэг дэвшилтэт технологийн салбарт ажиллах гадаадын иргэдэд олгох тэргүүн зэргийн виз нэвтрүүллээ. Засгийн газрын дэргэдэх Гадаад иргэдэд чиглэсэн бодлогын зөвлөлөөс эдийн засгийн хөгжил, бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн визний тогтолцоог бий болгохоор хэлэлцэж шийдвэрлэснээр энэ арга хэмжээ хэрэгжиж эхэлж байна. Шинэ төрлийн уг визийг эзэмшигчийн гэр бүлийн хүн, хүүхдүүд тус улсад чөлөөтэй ажиллах, гурван жилийн дараа байнгын оршин суугчаар бүртгүүлэх хүсэлт гаргах боломжтой F-2 ангиллын визийг шууд авах юм байна. Мөн эцэг, эх, асран хамгаалагчаа урилгаар Өмнөд Солонгост аваачих боломжтой аж. Харин энэ визийг мэдүүлэхийн тулд дэлхийн шилдэг 100-д багтдаг их сургуулийн мастер, эсвэл докторын зэрэгтэй, найман жилийн ажлын туршлагатай байх ёстой. Гэхдээ найман жилийн ажлын туршлагынхаа дор хаяж гурван жилд дэлхийн 500 шилдэг компанийн аль нэгд ажилласан байхыг шаарджээ. Улмаар Өмнөд Солонгосын өндөр технологийн компанид ажилд орж тус улсын нэг хүнд оногдох үндэсний нийт орлогоос дор хаяж гурав дахин их цалин авах юм байна. Энэ нь жилийн 140 сая воноос их цалин авна гэсэн үг аж. Мөн визийг цахимаар мэдүүлэх бөгөөд өөрийн улсад суух Өмнөд Солонгосын Элчин сайдын яам, Консулын газарт хандах шаардлагагүй гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.