images

Усэйн Болтын амжилтыг эвдсэн 17 настай хүү Австралийн гүйлтийн спортод хаанчилж байна

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-03-17


   Австралийн гүйлтийн тамирчин, 17 настай Гаут Гаут өчигдөр болсон Куинслэнд мужийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн зайд 20.05 секундын амжилт үзүүллээ. Ингэснээр тэрбээр энэ төрөл дэх 2025 оны дэлхийн хамгийн өндөр амжилтын эзэн болов. Энэ тэмцээнд аман хүзүүдсэн тамирчин түүнээс нэлээн хойгуур буюу 22.22 секундэд барианд оржээ. Нэг сарын өмнө АНУ-ын Техаст болсон тэмцээнд Зимбабвэгийн тамирчин Маканакаиш Чарамбагийн үзүүлсэн энэ оны дээд амжилт 20.13 секунд байв. Тэмцээний сүүлийн шатанд Гаут Гаут 19.98 секундэд барианд орсон нь Австралийн түүхэн дээд амжилт боловч салхины хурд зөвшөөрөгдсөнөөс их буюу +3.6 м/сек байсан тул тооцоогүй байна. 1968 онд АНУ-ын тамирчин Томми Смитийн Мехикод үзүүлсэн 200 метрийн дэлхийн дээд амжилт 19.83 секунд байсан юм. Тэгвэл одоогийн байдлаар домогт Усэйн Болтын 2009 онд тогтоосон 19.19 секундын дээд амжилт 15 жил эвдэгдээгүй байгаа бөгөөд спортын мэргэжилтнүүд энэ амжилтад хүрэх бололцоотой тамирчдын тоонд Гаут Гаутыг зүй ёсоор оруулж байгаа ажээ.  

   Гаут Гаутын эцэг эх 2005 онд Өмнөд Суданаас Египетээр дамжин Австралид цагаачилж ирсэн бөгөөд хүү Куинслэнд мужийн Ипсвич хотод 2007 онд төржээ. Багадаа хөлбөмбөг илүүтэй сонирхон тоглодог байсан тэрбээр гүйлтээр хичээллээд удаагүй байхдаа буюу 2022 онд 14 настайдаа U18 ангиллын 100 метрийн төрөлд Австралийн дээд амжилтыг тогтоосон бол дараа жил нь 20.87 секундын үзүүлэлтээр 200 метрийн рекордын эзэн болсон байна. Улмаар эдгээр амжилтаа 2024 онд шинэчлэн тогтоожээ. 2024 оны 12 дугаар сард болсон Бүх Австралийн сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд Гаут Гаут 200 метрийн зайд 20.04 секунд гүйснээрээ 18-аас доош насны ангилал дахь бүх цаг үеийн дээд амжилтын эзэн, АНУ-ын Эрион Найтоны дараа хоёрдугаарт бичигдсэн төдийгүй мөн энэ насны ангилалд алдарт Усэйн Болтын тогтоосон дээд амжилтыг эвдсэн хоёрхон тамирчны нэг болсон байна. Тэрбээр 100, 200 төдийгүй 60, 400 метрийн гүйлтийн Австралийн аварга юм. 

Зураг дээр: Гаут Гаут өчигдөр болсон Австралийн Куинслэнд мужийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн зайд гүйж буй нь.

Гэрэл зургийн эх сурвалж: Патрик Хэмилтон/AFP/Getty Images

 

 

  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.