Эрх чөлөөний хөшөөг АНУ-аас буцааж авахыг уриалав
Анд нөхдийн мэдээ
2025-03-18
Франц улсаас Европын парламентад сонгогдсон гишүүн Рафаэль Глюксман Эрх чөлөөний хөшөөг АНУ-аас буцааж авах хэрэгтэй хэмээн мэдэгдлээ. Зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрч ийн мэдэгдэх болсон үндэслэлээ тайлбарлахдаа “Франц улс АНУ-д энэ хөшөөг анх бэлэглэх шалтгаан болж байсан тэр үнэт зүйл өнөөдрийн АНУ-д байхгүй болсон” гэжээ. "Дарангуйлагчийг сонгосон тэр америкчууд, шинжлэх ухааны эрх чөлөөг эрхэмлэдэг эрдмийн хүмүүсийг нүд үзүүрлэсэн тэр америкчуудаас бид хөшөөгөө нэхэж байна. Бид та нарт эрх чөлөөний бэлгэдлийг бэлэглэсэн боловч өнөөдөр та нар эрх чөлөөг уландаа гишгэж байна. Тиймээс буцаагаад өгчих. Энэ хөшөө эх орондоо байвал зохимжтой юм” хэмээн тэрбээр хэлсэн байна. Францын улс төрч Эдуар дө Лабүлэйн санаачилж, уран барималч Огэст Бартольдийн бүтээсэн Эрх чөлөөний хөшөөг францчууд Парист сууж байсан АНУ-ын Элчин сайдад 1880 онд албан ёсоор гардуулан өгсөн бөгөөд америкчууд Тусгаар тогтнолын тунхаглалын зуун жилийн ойгоороо Нью-Йорк хотод байрлуулж 1886 оны 10 дугаар сарын 28-нд нээсэн билээ.
АНУ-д албан ёсны зөвшөөрөлгүй оршин сууж буй хүмүүсийг албадан гаргах, гадаадын зарим улсын иргэдийн тус улсад зорчих эрхийг хязгаарлаж буй Д.Трампын бодлогыг Р.Глюксман шүүмжлэхээс гадна судалгааны байгууллагуудын санхүүжилтийг багасгах, тэр дундаа Францын ашиг сонирхлын тусын тулд АНУ-ын эрдэмтэд Францад эрдэм шинжилгээний ажил хийх явдлыг хяхан боогдуулж буйг эсэргүүцэж байгаа юм. “Америкчуудад хэлэх бас нэг юм байна. Та нар аль сайн гэсэн эрдэмтдээ хяхаж байгаа бол, эрх чөлөөг эрхэмлэх, шинийг бүтээх эрмэлзэлээрээ танай орныг агуу их болгож өгсөн дэлхийн бүх сод ухаантнуудыг хясаж байгаа бол бид тэднийг эх орондоо алгаа дэлгэн угтъя” гэж тэрбээр мөн хэлсэн байна. Р.Глюксман бас Францын хэт барууны үзэлтнүүдийг “Д.Трамп, И.Маскийн фэн клуб” хэмээн нэрлэжээ. Өдгөө 45 настай Р.Глюксман “Социалистууд, ардчилагчдын дэвшилтэт нэгдэл” намын гишүүн бөгөөд 2019 оноос хойш Европын парламентад сонгогдсон юм.
Гэрэл зургийн эх сурвалж: AP агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.