images

Сөүл: Хойд Солонгосын олзны цэргийг Өмнөд Солонгосын иргэн гэж үзнэ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-03-18


   Украин, Өмнөд Солонгосын дипломат албаны өндөр албан тушаалтнууд өчигдөр утсаар ярьж, Украинд олзлогдсон Хойд Солонгосын хоёр цэргийг шилжүүлэн авах талаар хэлэлцсэн тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн дагуу Хойд Солонгосын олзны цэргүүдийг Сөүл иргэнээ хэмээн тооцно гэдгийг Гадаад хэргийн сайд Чо Тэ Юль Украины Гадаад хэргийн сайд А.Сыбихад хэлжээ. Хэрвээ өөрсдөө хүсвэл Сөүл тэднийг хүлээн авахад бэлэн хэмээн Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг мөн эш татсан байна. Одоогоос нэг сарын өмнө Украины тал ОХУ-ын Курск мужид Хойд Солонгосын хоёр цэргийг олзолсноо зарлахын зэрэгцээ украин цэргүүдийг Оросын олзноос суллуулахад Пёньян хүчин чармайлт гаргавал тэрхүү хоёр цэргийг солилцоогоор буцаан өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл тухайн үед Сөүл тэднийг өөрийн иргэн хэмээн үзэхээ мэдэгдсэн бөгөөд Украинд олзлогдсон солонгос цэрэг Сөүлээс улс төрийн орогнол хүсэх бодолтой байгаагаа хэлсэн ярилцлага Өмнөд Солонгосын “Chosun Ilbo” сонинд гарсны дараа тус улсын Гадаад хэргийн яам ийн мэдэгдсэн билээ. Үүний хариуд Украины албаны хүн “Chosun Ilbo” сонинд ярихдаа “Сөүл хэрвээ хүсвэл тэрхүү цэргийг Өмнөд Солонгост шилжүүлж өгөх нь бидний хувьд боломжгүй зүйл биш” гэсэн юм. Курск мужид Хойд Солонгосын 4000 цэрэг алагдаж, шархадсан хэмээн Украины ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдсэн боловч энэ тоо хараахан нотлогдоогүй байгаа билээ. 

Зураг дээр: Өнгөрөгч хоёрдугаар сарын 11-нд “Украины ерөнхийлөгч В.Зеленскийн “Telegram” хуудсандаа нийтэлсэн олзны хойд солонгос цэргийн зураг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.