Нөхрөө 80 жил хүлээсэн эмэгтэй 103 настайдаа нас баржээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-18
Хятадын иргэн, 103 настай эмэгтэй гадаадад ажиллахаар явсан эр нөхрөө 80 жил хүлээсний эцэст амьсгал хураасан тухай “South China Morning Post” сонин өчигдрийн дугаартаа мэдээллээ. Ду Хужэн хэмээх тэр эмэгтэйг нас барахад гарт нь 1940 онд гэрлэхдээ анх хэрэглэсэн дэрний уут байсан хэмээн ар гэрийнхэн нь SCMP сонинд ярьжээ. Ду Хужэний нөхөр Хуан Жунфу гэрлээд удалгүй Гоминданы армид элсэн байлдахаар явсан бөгөөд эхнэр нь араас нь хайсаар 1943 онд олж очин нэг хэсэг хамт байсан боловч жирэмсэн болсон тул гэртээ харьжээ. Ду овогт 1944 онд амаржиж хүү төрүүлсний дараахан хүүгийн эцэг харьж ирсэн хэдий ч төрсөн эхийнхээ оршуулгад оролцоод хэдхэн хоногийн дараа буцаж дайнд яваад эргэж ирсэнгүй. Үүнээс хойш эхнэр нь нөхөртэйгээ захидал бичилцсээр байсан боловч 1952 онд холбоо тасарсан байна. Эхнэр хүүхдэдээ очно гэдгээ Хуан овогт амладаг байсан бөгөөд захидлыг Малайзад байдаг Хятадын барилгын компанийн хаягнаас ирүүлдэг байжээ. Нөхрийнхөө эзгүйд Ду овогт өдөр нь тариан дээр ажиллаж, орой нь хувцас оён хүүхдээ тэжээдэг байв. Хүн нийлж сууя гэхээр хүлээж авдаггүй, ”Нөхөр маань хүрээд ирвэл яах болж байна?” гэдэг байжээ. “Манай эмээ бичиг үсэг мэдэхгүй, насаараа хар ажил хийсэн боловч биднийг хөдөлмөрч, үнэнч шударга болгож хүмүүжүүлсэн төдийгүй эрдэмд шамдаж том болоод улс орондоо хүчээ өгөх ёстой гэж сургасан” хэмээн түүний ач охин SCMP сонины сурвалжлагчид ярьсан байна. Ду овогтын хүү Хуан Фачан 1970-аад оны үед дунд сургуулийн багш болсон бөгөөд 2022 онд нас баржээ.
Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжоу мужийн Жуньи тойргийн засаг захиргааныхны хөөцөлдөж олсон албан ёсны баримтаар бол Ду Хужэний нөхөр Хуан Жунфу 1950 онд Малайзад очиж суурьшаад хэдэн жилийн дараа Сингапур явсан бөгөөд үүнээс хойшх мэдээлэл олдоогүй байна. Ду Хужэний хүүхэд, ач гуч нар түүний сургийг гаргахын тулд сонинд зар гаргах, хилийн чанад дахь хятадуудын нийгэмлэгт хандах зэргээр ихээхэн хүчин чармайлт гаргасан боловч үр дүнд хүрээгүй аж. Ач охиных нь ярьснаар тэрбээр эмээгийнхээ хүслийг биелүүлэхийн тулд Хуан Жунфу болон түүний үр ач нарыг хайх ажлаа зогсоохгүй үргэлжлүүлсээр байх гэнэ.
Гэрэл зургийн эх сурвалж: “South China Morning Post” сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.