Заан бусдыгаа үхэхэд оршуулдгийг тогтоожээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-18
Их Британийн “Daily Mail” сонин Оросын циркт 25 жил хамт тоглосон Жэнни болон Магда нэртэй хоёр зааны талаар нийтэлжээ. Женни, Магда хоёр хорь гаруй жил хамтран циркийн үзүүлбэр үзүүлсэн бөгөөд 2021 онд тэтгэвэртээ гарч Крымийн амьтны хүрээлэнд амьдрах болсон байна. Харин өнгөрсөн оны сүүлчээр Жэнни өтөлж хөгшрөн бие нь муудаж, 54 насандаа хорвоог орхижээ. Энэ үед Магда маш их гуниглаж, Жэннигийн дэргэдээс салалгүй хамт байж, малын эмч нар очиход ихэд уурсан ойртуулахгүй байжээ. Тухайн үед хийсэн дүрс бичлэгээс харахад Магда газарт хэвтсэн Жэнниг босгох гэж янз бүрээр оролдон, хошуугаараа илбэх, тэврэх зэргээр халамжилж байв. Амьтны хүрээлэнгийн ажилтны хэлснээр тэд маш эв найртай, элэгсэг дотно, бие биеэсээ алхам ч холддоггүй байсан гэнэ. Заан бусдынхаа үхлийг маш сайн мэдэрдэг, гашуудах, эмгэнэх зан авир гаргадаг, сэтгэл хөдлөлийн хувьд маш ухаалаг амьтан гэдгээрээ алдартай. Америкийн шинжлэх ухааны мэдээллийн “Live Science” сэтгүүлийн мэдээлснээр, Энэтхэгийн Ойн албаны харьяа Баруун Бенгалын тусгай хамгаалалттай газар өнгөрсөн жил Бенгалд зааны нялх тугал оршуулсан таван тохиолдлыг судалж үзээд заанууд үхсэн нэгнээ газарт булах, модны мөчрөөр хучих зэргээр оршуулдаг төдийгүй өвөрмөц дуу авиа гарган гашууддаг болохыг тогтоожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.