images

Өмнөд Солонгост эрэгтэйчүүд ажиллахаар, эмэгтэйчүүд сурахаар очдог

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-18


   Өмнөд Солонгост амьдарч буй гадаадын иргэд 2024 онд 1.56 сая болж өссөн нь түүхэн дээд үзүүлэлт болсон талаар тус улсын Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь тус улсад амьдарч буй 15 болон түүнээс дээш настай гадаад иргэдийн тоо бөгөөд 2023 оныхоос 9.1 хувь буюу 130 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн энэ нь гадаадын иргэдийн тоо ба өсөлтийн хувь 2012 оноос хойш хамгийн их нэмэгдсэн явдал гэнэ. Өмнөд Солонгос дахь гадаад ажилчдын тоо өнгөрсөн оны тавдугаар сард анх удаа нэг саяыг давсан билээ. Тэгвэл тус улсын Хууль зүйн яам, Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр “Цагаач иргэний статус болон ажил эрхлэлтийн судалгаа”-ны үр дүнг танилцуулав. Энэ судалгаагаар Өмнөд Солонгос дахь гадаадын иргэдийн амьдралын нөхцөлийг хэд хэдэн ангиллаар гаргасан байна. Үүнд, нийт гадаад иргэдийн 57.8 хувь нь эмэгтэй, 42.2 хувь нь эрэгтэй аж. Эмэгтэйчүүд гол төлөв суралцах, гэрлэх шалтгаанаар тус улсыг зорьдог бол эрчүүдийн ихэнх нь ажил хийхээр очдог аж. Ажилчдын ихэнх буюу 45.6 хувь нь уур уурхай, үйлдвэрт ажиллаж байгаа бол 18.9 хувь нь худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ, 14.2 хувь нь бизнес, төрийн алба, 10.6 хувь нь барилга дээр ажилладаг. Харин үндэстнээр нь авч үзвэл, Хятадын солонгос иргэд 31.6, вьетнам 15, хятадууд 8.6 хувийг эзэлж байна. Үүний араас Узбекистан, Филиппин, Индонез, Тайланд, Монгол, Камбож орж, тус улсад амьдардаг нийт гадаад иргэдийн 91 хувийг Азийн орны иргэд дангаараа бүрдүүлж байгаа ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.