images

Германы эрчим хүчний компанитай шүүхэдсэн Перугийн тариачин эрийн зарга хэрхэн шийдэгдэв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-18


   Перу улсын Андын нурууны бэлд амьдардаг тариачин эр Саул Лучано Иуя Германы эрчим хүчний аварга компанитай сүүлийн 10 жилийн турш шүүхээр заргалджээ. Тэрбээр эрдэнэшиш, төмс тариалдаг бөгөөд Германы эрчим хүчний RWE компанийн үйл ажиллагаанаас болж, тодруулбал тус компани хүлэмжийн хий ихээр ялгаруулснаас Андын нурууны мөсөн голууд хайлж, гэрийнх нь ойролцоох Палькакоча нуурын усны түвшин нэмэгдэж, үүний улмаас орон гэрээ алдах аюулд орсон хэмээн анх 2015 онд тус компанийг шүүхэд өгсөн байна. Уг зарга тариачны талд шийдэгдэнэ гэж хэн ч бодож байсангүй. RWE компани Перу улсад үйлдвэрлэл эрхэлдэггүй бөгөөд Германы Хэссен хот дахь компанийн төв байрнаас С.Иуягийн суудаг тосгон хүртэл 14,600 км зайтай хэмээн хэвлэлүүд хошигнон бичиж байв. Гэсэн хэдий ч С.Иуя болон түүнийг дэмжигч “GermanWatch” байгаль орчны групп үйлдвэржилтээс хойш хүн төрөлхтний ялгаруулж буй хүлэмжийн хийн 0.47 хувь RWE-ээс гаралтай болохыг харуулах баримтыг шүүхэд гаргаж өгсөн төдийгүй үер усны аюулаас хамгаалах байгууламж барих зардал нэхэмжилжээ. Анхан шатны шүүх тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, RWE үерийн эрсдэлд хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдэв. Гэтэл 2017 онд давж заалдах шатны шүүх тариачин эр хохирлоо барагдуулах нэхэмжлэл гаргах нь зарчмын хувьд боломжтой гэж үзэн нотлох баримт бүрдүүлэх шийдвэр гаргажээ. Улмаар 2022 онд С.Иуягийн тосгонд очиж, газар дээр нь үзлэг шалгалт хийн хөрсний дээж, агаарын зураг авч нотлох баримт цуглуулснаар тодорхой хэмжээний хохирол тооцохоор болсон байна. Үүнийг RWE эсэргүүцэж, нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах нь дэлхийн дулааралд хариуцлага хүлээх үндэслэл биш гээд "Хэрэв Германы хуулийн дагуу ийм нэхэмжлэл гаргах боломжтой байсан бол бүх жолооч хариуцлага хүлээх болно" хэмээн мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.