images

Европын улсуудын парламентын гишүүдийн гуравны нэг нь эмэгтэйчүүд байна

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-03-19


   Европын орнуудын парламент болон Засгийн газарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсээр байгаа талаар euronews.com сайт мэдээллээ. 2024 оны байдлаар Европын Засгийн газрын сайдуудын дунджаар 35% эмэгтэйчүүд байсан нь өнгөрсөн оныхоос  7.4%-иар өссөн үзүүлэлт ажээ. Эдгээрээс хамгийн өндөр буюу 60%-ийн үзүүлэлттэй нь Финланд, Лихтенштэйн бөгөөд тэдний араас 51%-тай Бельги, Их Британи орж байна. Харин энэ жагсаалтад сүүл мушгисан Унгарын Засгийн газар өнөөдрийн байдлаар нэг ч эмэгтэй сайдгүй байгаа юм. Дашрамд дурдахад, тус улс 2022 онд түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болсон боловч тэр нь төрийн тэргүүний албыг хоёр жил хашаад огцорсон билээ. 44 настайдаа төрийн тэргүүнээр сонгогдож Унгарын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болсон Каталин Новак бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр ял авсан эмэгтэйд уучлал үзүүлснээсээ болж бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадалгүй албан тушаалаасаа буусан юм.

   Европын улсуудын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь мөн л өссөөр байгаа бөгөөд өнөөдөр нийт гишүүдийн гуравны нэг нь бүсгүйчүүд байна. Энэ нь 10 жилийн өмнөхөөс 5.6%-иар өссөн үзүүлэлт юм. Хамгийн өндөр өсөлттэй Мальта улсад энэ үзүүлэлт 10 жилийн өмнөхөөс 15%-иар өссөн бол Латвид 13%, Францад 10%-иар нэмэгджээ. Парламентдаа хамгийн олон эмэгтэй гишүүнтэй Европын улс бол Исланд бөгөөд дэлхийн хамгийн эртний буюу анх 930 онд байгуулагдсан Исландын парламентын өнөөдрийн 63 гишүүний 49% (31) нь бүсгүйчүүд байна. Тэгвэл энэ үзүүлэлт Шведэд 45.6%, Финландад 45.5%, Данид 44.7% байгаа юм. Харин парламентдаа хамгийн цөөн эмэгтэйчүүдтэй орнууд нь Кипр (14.3%), Унгар (14.6%) Румын (19.5%) ажээ.

Гэрэл зургийн эх сурвалж: Дато Парулава/POLITICO/Getty Images

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.