Монголын үүрэн телефоны хамгийн анхны хэрэглэгч хэн бэ?
Монголын хамгийн
2025-03-19
Монголд үүрэн холбооны үйлчилгээ анх нэвтэрсэн өдөр өчигдөр тохиов. Үүрэн телефоны манай анхны компани аль вэ гэвэл бид бүгд мэднэ. Харин Монголд анх гар утас барьсан хүн хэн бэ гэвэл тэр бүр мэдэхгүй. Тэгвэл энэ асуултад товчхон хариулъя. 1996 оны гуравдугаар сарын 18-нд Монголын “Ньюком”, Японы “Sumitomo”, KDDI компанийн хамтарсан хөрөнгө оруулалтаар “Мобиком” ХХК үүсгэн байгуулагдаж, манай улсад анхны үүрэн холбооны үйлчилгээг эхлүүлсэн билээ. Компани анх Ерөнхий сайд А.Амарын гудамж, одоогийн “Үнэн” сонины байрны жигүүрт гурван жижиг өрөө түрээслэн үйл ажиллагаа эхлүүлжээ. Үйл ажиллагаагаа эхэлсэн гэдэг нь, анхны хэрэглэгчээ хүлээн авч дугаар олгосноор тэр хүн гар утсаараа шууд ярих боломжтой болж байгааг хэлж буй хэрэг.
Одоогийн “Шунхлай групп” ХХК-ийн ерөнхийлөгч П.Батсайхан 1996 онд 22 настай, ганзагын наймаанд яваад цөөнгүй жил өнгөрсөн, яг тухайн үед Германаас Монгол руу машин зөөдөг байв. Тэрбээр гар утас гэж зүйл байдгийг Германд хэдийнэ мэдэж, хэрэглэдэг байсан бөгөөд Монголд ирээд байхдаа үүрэн телефоны үйлчилгээ нэвтэрлээ гэдэг мэдээ сонсмогц үйлчлүүлэхээр “Мобиком” компанийн байранд өглөө эртлэн очиход одоогоос яг 29 жилийн өмнө буюу 3 дугаар сарын 18-ны өдөр тохиохоор барахгүй тэднийд хандсан хамгийн анхны хэрэглэгч болж таарчээ. Компанийн ажилтнууд түүнд баяр хүргэн дугаар сонгохыг хүсэхэд П.Батсайхан 991144** гэдэг дугаарыг сонгов. Зах зээлд нэвтрүүлсэн “Мобиком”-ын анхны дугаар 9911 байсан бөгөөд тодорхой хугацаа өнгөрч байж дараа дараагийн дугаарууд хэрэглэгчдэд хүрсэн түүхтэй. Ийнхүү тухайн үеийн жижиг бизнесмэн, хожмын Монголын хамгийн том татвар төлөгч хувийн компанийн эзэн П.Батсайхан “Мобиком”-ын анхны хэрэглэгч болжээ. “Мобиком”-ын анхны хэрэглэгч гэдэг нь Монголд анх удаа гар утас барьсан хүн гэдэгтэй агаар нэг буй заа.
А.Амарын гудамжинд нээгдсэн шинэхэн компанийн байранд П.Батсайхантай зэрэг шахуу очсон өөр нэг хүн бийг Б.Одонжил гэдэг. 1991 оноос хойш УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан Б.Одонжил шинэ үеийн Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэс суурийг тавьж, лигийн анхны тэмцээнийг санаачлан зохион байгуулж байсан, энэ спортын манай нэртэй зүтгэлтэн юм. Тэрбээр хожим Египет улсад Элчин сайд, Монгол улсаас Их Британи улсад суух ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байв. Б.Одонжил ийнхүү Монголын үүрэн телефоны анхны компанийн анхны хэрэглэгчдийн нэгээр бүртгэгдсэн бөгөөд түүнийг болон П.Батсайханыг “Мобиком” жил бүрийн ойн баяртаа хүндэтгэн урьж иржээ. Энэ явдлаас хойш даруй 29 жил өнгөрч, монголчуудыг гар утастай танилцуулсан анхны компани ирэх 2026 онд 30 насны ойгоо тэмдэглэх нь ээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.