Монголын хамгийн өндөрт мандуулсан далбаа
Монголын хамгийн
2024-10-07
Улаанбаатар хотын төвд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн баруун хэсгийн 10.2 га талбайг “Рио Тинто” компани олон нийтийн оролцоотойгоор цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан билээ. Тус хүрээлэнгийн талбайн төв дунд 60 метрийн өндөрт 16.8 хэмжээтэй төрийн далбааг өнгөрөгч долдугаар сарын 10 буюу Монголын төрийн далбааны өдөр босгож, байнгын мандуулж байхаар болсон юм. Энэ нь Монголын хамгийн өндөрт мандуулсан төрийн далбаа болж байна. Үүнээс өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойно орших Төрийн далбааны цогцолбор нь Монголд хамгийн өндөр далбаа гэгддэг байв. 15 тонн гангаар бүтээсэн 52 метр өндөр шонд мандуулсан энэ далбааны хэмжээ 21х10.5 метр бөгөөд 170 сая төгрөгийн өртгөөр 2008 онд босгожээ.
Мөн жил бүрийн наадмаар MCS группийн “Central Tower” барилгын нүүрэн талд байрлуулдаг далбаа хэмжээгээрээ Монголдоо хамгийн томд тооцогддог байна. Түүнчлэн "Нэкст" группээс өнгөрөгч зун Богд хан уулын Чингис хааны чулуун хөрөгтэй хэсэг дээр Монгол төрийн далбаагаа 4050 м/кв талбайг хамруулан дэлгэсэн нь “Уулан дээр дэлгэсэн хамгийн том төрийн далбаа” болсон билээ. Сонирхуулахад, төрийн далбаан дээр дүрсэлсэн соёмбо тэмдэг нь Анхдугаар богд Занабазар 1686 онд бүтээсэн 90 гаруй Соёмбо үсгийн бүх шинжийг агуулсан толгой үсэг юм. Түүний бэлгэдэл нь Монгол улс эгнэгт мандан бадарч, Монголын ард түмэн эв найрамдалтай, шударга ёсыг сахин, гадаад, дотоодын дайсныг дарж, өнөр өтгөн болж, цэцэглэн хөгжих гүн утгыг агуулдаг байна. Манай улс 2008 онд Төрийн далбааны өдөртэй болгохыг хуульчлан 2009 оноос хойш ёсчлон мандуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.