images

Чөлөөт бөхийн ихэр тамирчид "Алтан гадас" одон хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-19


     Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ОУХМ Д.Гомбодорж, чөлөөт бөхийн ОУХМ Д.Түгждорж нарыг Монгол улсын ерөнхийлөгч "Алтан гадас" одонгоор шагналаа. Тэд анх 1998 онд Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол улсын 12 удаагийн аварга Д.Оюунболдод хамтдаа шавь орж “Хангай” клубт чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Д.Түгждорж нь Монголын анхны элсний бөхийн Ази тивийн аварга бөгөөд Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль хүртэж байсан билээ. Харин Д.Гомбодорж оюутны дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальт, Монгол улсын долоон удаагийн аварга юм. Тэрбээр мөн чөлөөт бөхийн УАШТ-ий 74 кг-ын жинд тасралтгүй 12 жил медаль хүртсэн түүхтэй.

  Монголын бөхийн спортод ихэр тамирчин цөөнгүй бий. Тэднээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Ховд аймгийн Дарви сумын харъяат, улсын начин Л.Энхбаяр, Л.Эрхбаяр нар юм. Мөн чөлөөт бөхийн ОУХМ А.Тайван, Гавьяат тамирчин А.Энхээ нар тус бүр таван удаа улсын аварга болж байжээ. Түүнчлэн чөлөөт бөхийн Гавьяат дасгалжуулагч Л.Ням, Спортын мастер Л.Даваа, жүдо бөхийн Азийн аварга Ц.Наранжаргал, байлдааны самбо бөхийн улсын аварга Ц.Нарантогтох гээд амжилттай яваа ихрүүдээс гадна аймаг, сумын цолтой ихэр бөхчүүд ч байдаг ажээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.