Франц: Онцгой нөхцөлд хэрхэхийг зааварласан гарын авлагыг өрх бүрд тараана
Анд нөхдийн мэдээ
2025-03-19
Францын Засгийн газар онцгой нөхцөл үүссэн үед хэрхэх, амь насаа хэрхэн хамгаалах талаар зөвлөмж агуулсан гарын авлагыг өрх бүрд тараахаар төлөвлөж байна. “Le Figaro” сонины мэдээлснээр, зэвсэгт мөргөлдөөн, өвчин тахал, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, цаг агаарын онц аюултай үзэгдэл, кибер халдлагын үед хүн бүр бэлэн байх ёстойг сануулсан 20 хуудас гарын авлагыг өрх бүрд тараах ажээ. Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын газрын ажилтан энэ шийдвэрийг "Зэвсэгт мөргөлдөөн, дайн самуун зэрэг учирч болзошгүй хямралыг даван туулах чадварыг нэмэгдүүлэх зорилготой" гэж тайлбарлав. Гарын авлагад "Амьд үлдэх иж бүрдэл" бэлтгэхийг зөвлөсөн бөгөөд үүнд дор хаяж 6 литр ус, удаан хугацаагаар хадгалж болох хүнсний бүтээгдэхүүн, гар чийдэн, батарей, анхны тусламжийн хэрэгсэл, радио, цэнэглэгч гэх мэт 12 төрлийн эд зүйлийг багтаажээ. Үүнийг тус сонин "Олон улсын байдал тогтворгүй болж байгаа энэ үед Францын Засгийн газар бэлтгэл хангаж байна” хэмээн онцолсон байна. Өмнө нь ерөнхийлөгч Эммануэль Макрон ард түмэндээ хандаж үг хэлэхдээ “Франц болон Европ Оросын аюулыг сөрөн зогсоход бэлэн байх ёстой. Ирэх сар, жилүүдэд юу болохыг таашгүй. Тиймээс бид ямар ч үед бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.