Япон: Ялын дээд хэмжээтэй хоригдолд өглөө нь мэдэгдээд өдөр нь цаазаар авдгийг өөрчилнө
Анд нөхдийн мэдээ
2025-03-19
Японд цаазын ялыг гүйцэтгэхдээ хоригдолд энэ тухай цаазаар авах өдрийн өглөө нь мэдэгддэг. Тэгвэл энэ нь Үндсэн хууль зөрчиж буй эсэхийг шүүх авч хэлэлцэхээр болжээ. “The Asahi Shimbun” сонины мэдээлснээр, Осака хотын шүүх цаазын ялтай хоёр хоригдлын гаргасан нэхэмжлэлийг дахин хянан хэлэлцэхээр шийдвэрлэхдээ "Цаазын ялыг гүйцэтгэхийн өмнөхөн мэдэгддэг одоогийн арга нь Үндсэн хуультай зөрчилдөж байна" гэжээ. Тус улсад цаазаар авах ялтай хоригдлуудад ялыг нь хэзээ, хэрхэн гүйцэтгэх талаар мэдэгдэх тогтсон журамгүй бөгөөд олон хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх нь хоригдлын оюун санааг тогтворгүй болгодог хэмээн үзэж ял гүйцэтгэхээс нэг, хоёр цагийн өмнө мэдэгддэг заншил тогтжээ. Харин өнгөрсөн жил цаазын ялтай хоёр хоригдол энэ аргыг хууль бус гэж үзэн шоронгоос шүүхэд хандсан байна. Ингэхдээ Японы Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлд заасан “Хуульд зааснаас бусад тохиолдолд хүний амь нас, эрх чөлөөг хасч, эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн нэхэмжлэл гаргажээ. Одоогоор тус улсад цаазын ялтай 106 хоригдол байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.