25 долларын бэлгийн карт алга болсон хэргийг шийдэхийн тулд 25 мянган долларын зардал гаргажээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-19
Ийст Хэмптон бол АНУ-ын Нью-Йорк мужийн Лонг Айлэнд арлын зүүн үзүүрт, Атлантын далайн эрэгт орших жижиг хот юм. Жүжигчин Рассел Кроу, Жэйн Фонда, Английн хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, “Apple” компанийг үндэслэгч Стив Жобс, дуучин Мэрайя Кэри зэрэг алдартнууд энд харштай. Эндхийн бага сургууль 110 сурагчтай, жилийн төсөв нь 11 сая доллар, ойролцоох орон сууцны дундаж үнэ 3 сая доллар хүрдэг ажээ. 2023 оны сүүлээр тус сургуулиас 25 долларын үнэтэй бэлгийн карт хулгайд алдагдсан нь одоо хүртэл олдоогүй байна. Хулгайд сургуулийн захирлыг хардаж байгаа бөгөөд нутгийн иргэд, багш нар, эцэг эхчүүд жинхэнэ буруутан нь хэн бэ гэдэг дээр санал зөрөлдөөнтэй, захирал ажлаасаа түр гараад байгаа аж. Энэ хэрэг 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өглөө буюу Зул сарын баярын өмнөхөн болсон байна. Нэгэн ээж 25 долларын үнэтэй “Amazon” бэлгийн карт хоёр ширхэгийг сургуулийн ажилтан Кэти Баттст өгөөд нэгийг нь өөрөө авч, нөгөөг нь тус сургуулийн гэрээт ажилтан Крис МакКаллройд дамжуулахыг хүссэн байна. К.Баттс бэлгийн карттай улаан дугтуйг К.МакКалройн шуудангийн хайрцагт хийжээ. Өглөө нь К.МакКалрой шуудангийн хайрцгаа шалгахад юу ч байсангүй. Хулгай гарсан талаар захирал Мариа Доэрт мэдэгдэхэд тэрбээр "Сургууль дээр алга болсон юм хэд хоногийн дараа гараад ирдэг. Хүлээх нь зүйтэй" гэсэн байна. Хэд хоног өнгөрсөн ч карт олдсонгүй. Тиймээс камерын бичлэгийг шалгаж үзэхэд өглөөний 8:24 цагт ажилтан К.Баттс улаан дугтуй барьсаар шуудангийн өрөөнд ороод долоон секундын дараа гар хоосон гарсан, араас нь захирал 8:37 цагт ороод 10 секундын дараа гарч ирэхдээ улаан дугтуй барьсан бичлэг үлджээ.
2015 оноос хойш тус сургуулийн захирлын албыг хашиж байгаа М.Доэрийг сургуулийн удирдах зөвлөлөөс “Ажлаа сайн хийдэг, хүмүүс хоорондын харилцаанд ёс суртахууны хэм хэмжээг сайн баримталдаг” хэмээн үнэлдэг, захирал сургуулиа “Шилдэг сургууль” болгосныхоо төлөө шагнал хүртэж байжээ. Захирал шуудангийн өрөөнөөс гарч ирэхдээ барьж байсан улаан дугтуйг нэгэн сурагчийн эцэг эхээс бэлэглэсэн шатахууны талон хэмээн мэдүүлсэн байна. Улмаар энэ явдал өндөр авсан тул дүүргийн Боловсролын газар өнгөрсөн оны нэгдүгээр сард М.Доэрийг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. Захирал бэлгэнд авсан гэх шатахууны талоноо Боловсролын газарт хүргүүлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй тул тэрбээр шүүхэд ханджээ. Шүүх хурал өнгөрсөн оны 11 дүгээр сарын эцэс гэхэд эцэг эх, багш нарын мэдүүлэг зэрэг 1400 хуудас материал бүрдүүлсэн ч одоо хүртэл ямар нэгэн шийдвэр гараагүй байна. "East Hampton Star" сонины мэдээлснээр шүүхийн ажиллагааны зөвхөн арбитрын зардал 25 мянган доллар буюу бэлгийн картын үнээс 1000 дахин их болжээ. Харин зарим эцэг эх энэ явдлыг, сургуульд ажилладаг хэсэг бүлэг хүн захирал М.Доэрийг ажлаас нь халуулахаар зориудаар хийсэн ажил гэж үзэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.