МУИС-ийн дэргэд "Англи хэлний төгөлдөршил" төв ажиллаж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2025-03-19
МУИС-ийн дэргэд "Англи хэлний төгөлдөршил" төв энэ сарын 11-ний өдөр үүд хаалгаа нээжээ. Улмаар эхний сургалтаа багш нарт зориулан англи хэлний академик бичгийн сургалтаар хийж, цаашид технологи, хиймэл оюун ухааныг хичээл сургалтдаа хэрхэн ашиглаж, илүү үр дүнтэй болгоход чиглэсэн заах арга зүйн семинар явуулахаар болсон байна. Харин дараагийн сургалтын хуваарийг боловсруулан АНУ-ын Энх тайвны корпус болон бусад англи хэлтэй орнуудын сайн дурын ажилтнуудаар удирдуулсан семинар, тусгай арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-д айлчлах үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэнтэй англи хэлний багш нарыг бэлтгэхэд тусламж авахаар ярилцаж “U.S.-Mongolia Excellence in English Initiative” санаачилгыг хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. Тэгвэл уг тохиролцооны үр дүн бодит ажил хэрэг болж эхэлж буй нь энэ юм. Гадаад харилцааны сайд англи хэлний сургалтын чанарыг сайжруулж, англи хэлний багш нарын заах арга зүй, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх сургалт, хөтөлбөр, хөрөнгө оруулалтад олон улсын анхаарлыг хандуулах, дэмжлэг туслалцаа авахад ихээхэн хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон манай улсад айлчлахдаа англи хэлний "Pearson" хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд гурван жилийн хугацаанд 10 сая паунд буюу 42 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.