images

Энэтхэг: Дэлхийн хамгийн өндөр тоосгон цамхгийг Монголын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-20


   Монгол, Энэтхэг улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Дели хотын Кутуб Минар цамхгийг манай улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлсэн талаар Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайдын яам өнөөдөр мэдээллээМонгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын V зөвлөлдөх уулзалт 3 дугаар сарын 19-ний өдөр Шинэ Дели хотноо болж хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэний дотор хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцсон юм. Кутуб Минар бол Баруун өмнөд Энэтхэгийн уран барилгын онцлог шингэсэн, XIII зууны эхэнд дан тоосгоор барьсан лалын шашны минарет бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн дурсгалт газрын нэг юм. Өндрөөрөө 72.6 метр, суурийн голч нь 14.4 метр энэ цамхаг дэлхийн хамгийн өндөр тоосгон минаретаас гадна Энэтхэг дэх лалын шашны анхны мөргөлийн газар ажээ. Нийт таван давхар минаретийн эхний гурав нь тоосго, 4, 5 дахь давхар нь гантиг аж. Цамхгийг гадаад улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлж буй гурав дахь тохиолдол энэ юм. Анх 2023 оны есдүгээр сарын 16-нд Мексикийн тусгаар тогтнолын 213 жилийн ойгоор ингэсэн бол мөн оны 10 дугаар сарын 29-нд Бүгд найрамдах Турк улс байгуулагдсаны 100 жилийн ойгоор тус улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлжээ. 

   Монгол, Энэтхэг улсууд 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монголын хувьд социалист системийн бус оронтой анх удаа дипломат харилцаа тогтоосон нь энэ юм. Монгол улсад суух Энэтхэгийн анхны Элчин сайдаар төвд үндэстэн Сономноров 1971 онд томилогдон 1975 он хүртэл ажиллажээ. Социалист систем нурснаас хойш Монголд томилогдсон анхны Элчин сайд нь Кушок Бакула ринбүүчий бөгөөд тэрбээр 1990-2000 онд энэ албыг хашсан юм. 2024 оны гуравдугаар сард Делигээс томилогдон ирсэн Атул Малхари Готсурве нь Энэтхэг улсаас Монгол улсад сууж буй 14 дэх Элчин сайд билээ.      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.