images

Жүжигчин Милли Бобби Браун: “Netflix”-ийн хураамж төлөх нь илүү зардал

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-20


   "Stranger Things" олон ангит киногоор алдаршсан жүжигчин Милли Бобби Браун маш хэмнэлттэй амьдардаг ажээ. Тэрбээр саяхан нэгэн подкаст нэвтрүүлэгт оролцохдоо, бага насандаа мөнгөгүй байхын зовлонг үзсэн болохоор мөнгө хэмнэх, юмаа ариг гамтай эдэлж хэрэглэх хүмүүжлийг багаасаа олж авсан тухайгаа ярьсан байна. 12 настайдаа "Stranger Things" кинонд тоглож эхэлсэн тэрбээр харьцангуй эрт амжилтад хүрч эд хөрөнгө ихтэй чинээлэг хатагтай болсон бөгөөд 2019 онд "Enola Holmes 2" кинонд 10 сая доллароор тоглож байв. Өнгөрсөн жил 20 настайдаа Америкийн рок од Жон Бон Жовигийн хүү Жэйк Бон Жовитой гэрлэсэн М.Браун мөнгийг хайр гамгүй зарцуулдаг нөхрийнхөө зуршилд огт дасахгүй байгаагаа ний нуугүй хэлсэн байна. Тухайлбал оймс авах хэрэгтэй болвол нөхөр нь "Прада руу очиж авъя" гэдэг бол тэр өөрөө "Зүгээр хажуугийн дэлгүүр оръё" гэдэг гэнэ. Мөн нөхөр нь дэлгүүр хэсэх дуртай бол жүжигчин бүсгүй хэрэгтэй зүйлээ цахим худалдаагаар голдуу авдаг ажээ. Тэр бүү хэл “Netflix-ийн хэрэглэгчийн бүртгэлгүй, шаардлагатай үед аав, ээжийнхээ бүртгэлийг ашигладаг, нэг суваг үзэхийн тулд хураамж төлж илүү зарлага гаргах шаардлагагүй гэж үздэг тухайгаа хэлсэн байна. М.Браун "Stranger Things" киноны 2019 онд бүтээсэн гурав дахь бүлэгт (season) тоглохдоо нэг ангид нь 300 мянган доллароор тоглон нийтдээ 2.7 сая долларын цалин авчээ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.