Франц: Өөр рүү нь дайрсан баавгайг буудаж хөнөөсөн эр шүүхэд дуудагдав
Анд нөхдийн мэдээ
2025-03-20
Франц анчин эр өөр рүү нь дайрсан баавгайг буудсаны төлөө шүүхэд дуудагдсан байна. Их Британийн “The Guardian” сонины мэдээлснээр, 81 настай анчин Андрэ Ривз 2021 оны 11 дүгээр сард Пиренейн нуруунд зэрлэг гахай агнаж явахдаа хүрэн баавгайтай халз таарчээ. Хүрэн баавгай нь тус улсад агнахыг хориглосон ховор амьтдын нэг юм. Хоёр бамбарууштайгаа явсан эх баавгай түүн рүү шууд дайрсан тул анчин амиа аврахын тулд буудсан бөгөөд баавгайтай тэмцэлдэж байхдаа хөлөө хүнд гэмтээж онгоцоор эмнэлэгт хүргэгджээ. Үүний дараахан А.Ривз болон түүнтэй хамт явсан 15 анчныг тусгай хамгаалалттай газарт хориотой ан хийсэн хэргээр шүүхэд дуудсан байна. Шүүх хурал дээр А.Ривз тухайн үед баавгайг буудаж хөнөөхөөс өөр арга байгаагүйгээ тайлбарласан бол хамт явсан анчид нь тусгай хамгаалалттай газрын хил хязгаарыг тодорхой тэмдэглээгүй байсан хэмээн маргажээ. Харин прокурор "Анчин хүн хаана ан хийж байгаагаа мэдэж байх үүрэгтэй" гэсэн байна. Мөн амьтны эрхийн төлөө тэмцэгчид ховордож буй амьтдын тоонд багтсан эмэгчин баавгайг хөнөөсөн нь ноцтой асуудал гэж үзэж байна. Энэ явдал аргагүй хамгаалалт, эсвэл ховор амьтан хөнөөсөн гэмт үйлдлийн алин болохыг шүүх удахгүй тогтооно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.