АНУ-ын Батлан хамгаалах яам алдартай түүхэн гэрэл зургийг вэбсайтаасаа устгажээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-20
АНУ-ын Батлан хамгаалах яам Дэлхийн II дайны ялалтын бэлгэ тэмдэг болсон "Stars and Stripes on Iwo Jima" нэртэй түүхэн гэрэл зургийг цахим хуудаснаасаа устгасан байна. Энэ зураг дээр АНУ-ын тэнгисийн явган цэргүүд Дэлхийн II дайны явцад Номхон далайд болсон хамгийн ширүүн тулалдааны нэг Ивожима арлын тулалдаанд ялж тус арлын Сүрибачи ууланд Америкийн далбааг мандуулж буйг харуулсан бөгөөд цэргүүдийн дунд уугуул индиан цэргийн зураг байсан нь устгах шалтгаан болсон гэж хэвлэлүүд шүүмжилж байна. Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа DEI буюу “Олон талт, эрх тэгш байдал, тэгш оролцоо” гэх уламжлалт бодлогыг устгахаар хөдөлж эхэлсэн тул “Америкийн тэнгисийн явган цэргийн түүхэн дэх хамгийн ширүүн дайн" гэгддэг Ивожимагийн тулалдааны түүхэн баримтуудыг хүртэл устгаж байна гэж үзжээ. Тухайлбал дээрх зураг Батлан хамгаалах яамны цахим хуудаснаас алга болж, зурагт гарсан цэргүүдийн нэг Америкийн уугуул индиан гаралтай Ира Хамилтон Хэйзийн танилцуулгыг мөн устгасныг "Тhe Washington Post" сонин онцолсон байна. AP агентлагийн дайны сурвалжлагч Жо Розенталийн авсан энэ зураг 1945 онд Пулитцерийн шагнал хүртэж байжээ. Ивожима бол Японы эх газрын өмнө зүгт 1250 км зайд оршдог галт уулын арал юм. 1945 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр тус арал дээр буусан АНУ-ын цэргүүд гуравдугаар сарын 26-нд арлыг бүрэн эзлэх хүртэл 6800 орчим хүнээ алдсан түүхтэй.
"Тhe Washington Post" сонины мэдээлснээр эрх баригчид мөн 1945 онд Японы Хирошимад атомын бөмбөг хаясан “Enola Gay” нэртэй В29 бөмбөгдөгч онгоцны зургийг устгаж магадгүй байна. Японы “Kyodo News” агентлаг энэ талаар бичихдээ "Вашингтон DEI бодлогыг эсэргүүцэх нэрийдлээр дайны түүхийн үнэ цэнтэй дурсгалуудыг үгүй хийж байна" гэжээ. Ерөнхийлөгч Д.Трамп албан тушаалдаа орсныхоо дараа холбооны агентлагууд дахь DEI хөтөлбөрүүдийг хүчингүй болгох тушаал гаргасан төдийгүй Штабын дарга нарын нэгдсэн хорооны удирдагч, генерал, өнгөт арьстан Чарльз Брауныг ажлаас халж, мөн Тэнгисийн цэргийн ажиллагааны газрын анхны эмэгтэй дарга, адмирал Лиза Франчетти зэрэг армийн өндөр албан тушаалтан таван хүнийг ажлаас нь өөрчлөх тушаал гаргасан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.