images

Финландчууд дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүсээр дахин тодров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-20


   Финланд улс аз жаргалын индексээрээ дэлхийн 147 орноос найм дахь жилдээ эхний байранд оров. Их Британийн Оксфордын их сургуулийн эрүүл мэндийн судалгааны төв, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ (SDSN) хамтран "2025 оны дэлхийн аз жаргалын тайлан"-г (WHR) нийтэлж, улс орнуудын аз жаргалын зэрэглэлийг зарлахад тус улс 7.736 оноогоор тэргүүлсэн байна. Тайланд уламжлал ёсоор Скандинавын орнууд болох Дани 7.521 оноогоор удаалж, гуравдугаар байрт 7.515 оноогоор Исланд, дөрөвдүгээр байрт 7.345 оноогоор Швед улс оржээ. Улмаар удаах байруудад Голланд, Норвеги, Люксембург, Швейцар, Бельги зэрэг Европын орнууд орсон байна. Сонирхолтой нь эдүгээ дайны байдалд байгаа Израиль улс 7,234 оноогоор 8 дугаар байранд орсон бол АНУ 6.728 оноогоор 24 дүгээр байр эзэлсэн нь 2012 онд уг судалгаа эхэлснээс хойшх түүхэн доод үзүүлэлт болжээ. Харин манай улс 5.833 оноогоор 77 дугаарт орсон байна.

   Афганистан улс 147 орноос 1.364 оноогоор дэлхийн хамгийн аз жаргалгүй орон болж байна. Талибууд 2020 онд засгийн эрхэнд гарснаас хойш тус улсад хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байгаа юм. Эдүгээ дайны байдалд байгаа ОХУ 66 дугаар байранд орсон бол Украин улс 111 дүгээрт жагсчээ. Судалгаа хийсэн эрдэмтэд олон түмний дунд байж, байнга бусадтай хамт хооллодог хүмүүс илүү аз жаргалтай байдаг болохыг онцолж байна. Сүүлийн үед ганцаараа хооллодог хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь аз жаргалын үзүүлэлт буурч байгаагийн нэг шалтгаан бөгөөд Зүүн Азийн орнууд, ялангуяа Өмнөд Солонгос, Япон зэрэг оронд энэ үзэгдэл түгээмэл байгаа нь  хүн амын насжилттай холбоотой гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.