images

Алдартай төгөлдөр хуурч Америкт хийх тоглолтоо юуны учир цуцлав?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-20


   Төгөлдөр хуурчдын хүрээлэлд ихээхэн нэр хүндтэй Унгарын сонгодог хөгжмийн мастер, 71 настай Андраш Шифф АНУ-д хийх байсан тоглолтоо цуцалжээ. Энэ нь ерөнхийлөгч Дональд Трампын дэлхий дахинаа явуулж буй бодлогыг эсэргүүцэж буйн илэрхийлэл гэнэ. А.Шифф “Тhe New York Times” сонинд утсаар өгсөн ярилцлагадаа “Энэ бол Д.Трампын хэт дээрэнгүй, бусдыг үл ойшоосон үйлдлийн эсрэг барьж буй миний хариу" гэжээ. Д.Трампын Украины талаар хэлсэн үг, Канад, Гренланд, Газын зурвас руу хандсан экспансионист заналхийлэл, Герман дахь хэт барууны үзэлтэй улстөрчдийг дэмжиж байгаа зэрэг нь А.Шиффийг цочирдуулсан гэнэ. Унгарын Будапешт хотод еврей гэр бүлд төрж, Холокостын аймшигт үйл явдлын гэрч болсон тэрбээр "Д.Трамп цагаачдыг олноор нь албадан гаргахыг уриалж байгаа нь Дэлхийн II дайны үед еврейчүүдийг гэр орноос нь хөөж гарган үйл олноор хэлмэгдүүлж байсантай адил явдал" гэсэн байна. А.Шифф мөн ирэх хавар Нью-Йоркийн филармони болон Филадельфийн найрал хөгжимтэй тоглох тоглолт, ирэх намар Нью-Йоркийн "Карнеги Холл"-д хийх тоглолтоо цуцална гэдгээ мэдэгджээ. Түүнээс гадна өөрийн төрөлх орон Унгар, мөн Орос улсад нэг хүний дарангуй засаг тогтсоныг эсэргүүцсэний тэмдэг болгож энэ хоёр улсад мөн мөн тоглолт хийхгүй гэнэ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр хэт барууны үзэлтэй ерөнхийлөгч Виктор Орбаны үед Унгарын ардчилал сүйрэн унасан хэмээн шүүмжилсээр ирсэн юм. 2000 оноос хойш Австри улсад амьдарч байгаа А.Шифф цагаачдын эсрэг, еврейн эсрэг үзлийг эрс шүүмжилсээр ирсэн юм. Түүнээс гадна Германы нэрт хийлч Кристиан Тецлафф АНУ-д тоглохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Д.Трамп Оростой ойр дотно харилцаатай байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Өмнө нь Америкийн жүжигчид дайн, дарангуйлал, шударга бус байдлыг эсэргүүцэн хилийн чанадад хийх тоглолтоо цуцалдаг байсан бол одоо эсрэгээрээ уран бүтээлчид Америкаас татгалзсаар байна. Нью-Йоркийн их сургуулийн профессор Стивен Данкомб "Америк орон ардчиллаас хөндийрсөөр байгаа тул уран бүтээлчид биднээс нүүр буруулах нь гайхах зүйл биш” гэжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.