YouGov: Америкчууд Чингис хааныг хэр сайн мэдэх вэ?
Чихэнд чимэгтэй
2025-03-21
Олон улсын “YouGov” цахим судалгааны байгууллага энэ сарын 11-13-ны хооронд “Дэлхийн хамгийн муу удирдагч” судалгааг АНУ-ын 18-аас дээш настай, 1113 иргэнээс авчээ. Судалгаанд дэлхийн өнөөгийн болон өнгөрсөн үеийн нэртэй удирдагч 50 хүнийг жагсааж мэдэхгүй, маш дургүй, зарим талаар дургүй, зарим талаар дуртай, маш дуртай гэсэн таван янзын үнэлгээ хийлгэсэн байна. Жагсаалтад Чингис хааны нэрийг оруулсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 36 хувь нь мэдэхгүй, 30 хувь нь маш дургүй, 19 хувь нь зарим талаараа дургүй, 13 хувь нь зарим талаараа дуртай, хоёр хувь нь маш дуртай гэж хариулсан тул доороосоо 14 дүгээрт жагсчээ. Судалгаа өгсөн хүмүүсийг насаар нь дөрөв ангилснаас үзэхэд аль ч ангилалд Чингис хааныг 34-37 хувь нь мэддэггүй аж. Чингис хааны араас, маш дуртай гэсэн үнэлгээ нь нэг хувь хүрсэн 13 удирдагч жагссан юм. Тэр нь Саддам Хуссейн, Мао Зэдун, Ким Жон-Ил, Ким Жон-Ун, Иосиф Сталин нарын хүмүүс байна.
Харин энэ жагсаалтыг, судалгаанд оролцогсдын 59 хувьд "маш дуртай" гэж үнэлүүлсэн Абрахам Линкольн тэргүүлэв. Дараа нь Жорж Вашингтон (50), Жон Кеннеди (42), Нельсон Мандела (39), Барак Обама (36), Теодор Рузвельт (32) оржээ. Тэдний араас Франклин Рузвельт, Уинстон Черчилл, Рональд Рейган, Томас Жефферсон, II Элизабэт, Дональд Трамп, Махатма Ганди, Владимир Зеленский, Маргэрэт Тетчэр, Жо Байдэн, Эндрю Жэксон, Клеопатра, Бэньямин Нэтаньяху, Македоны Александр орох ба эднийг маш дуртай гэж үнэлсэн хувь 12-оос дээш байсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.