“Чөлөөт Европ” радиог Чехийн Засгийн газар санхүүжүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2025-03-24
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр төсөвгүй болсны улмаас хаагдахад хүрээд буй “Чөлөөт Европ” (RFE) радиод Чехийн засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амлав. Энэ талаар тус улсын ерөнхий сайд Петр Фиала Их Британийн “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа "Коммунист дэглэмийн үед Чехийн ард түмэн “Чөлөөт Европ” радио ямар чухал үүрэг гүйцэтгэж байсныг сайн санаж байна. Тус радио энэ чухал үүргээ үргэлжлүүлэхэд бид чадах бүхнээрээ дэмжих болно” гэжээ. Хүйтэн дайны үед “Чөлөөт Европ” радиогоор Барууны ертөнцийн мэдээг сонсож, улмаар 1989 онд коммунист дэглэмийг түлхэж унаган ардчилалтай золгосон Чехийн ард түмэн энэ радиогийн талаар онцгой дурсамж тээж явдаг. 1963-1988 оны хооронд Чехийн насанд хүрсэн хүн амын 30-40 хувь нь тус радиогийн долоо хоног тутмын чех хэлээрх нэвтрүүлгийг сонсдог байжээ. Чехийн Засгийн газар цаашид Европын эрх чөлөөтэй орнууд АНУ-аас тус радиог шилжүүлэн авах талаар бодох хэрэгтэй гэсэн санаачилга хүртэл гаргажээ. Д.Трамп өнгөрсөн 14-ний өдөр “Чөлөөт Европ”, “Америкийн дуу хоолой”, “Чөлөөт Ази” зэрэг нэвтрүүлгийг удирддаг Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлаг (USAGM)-ийн төсвийг танаж, эдгээр нэвтрүүлгийг бүрмөсөн хаасан билээ. Үүний дараа эдгээр байгууллага холбооны шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.