Парис хотод автомашингүй 500 гудамж бий болгоно
Анд нөхдийн мэдээ
2025-03-24
Францын нийслэл Парис хотод эрүүл, эко орчин бий болгох үүднээс автомашин явдаггүй 500 гудамж бий болгох асуудлаар санал асуулга явуулж байна. Хотын дарга Анн Идальгогийн дэвшүүлсэн санаачилгаар 500 гудамжинд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан мод тарихаар төлөвлөжээ. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, Парисыг амьдрахад илүү таатай хот болгохын тулд хотын төвийн зарим хэсгийг ногоон байгууламж болгож автомашиныг хориглон зөвхөн явган зорчигчдод зориулсан гудамж бий болгохыг эрх баригчид зорьж байгаа юм. "Парисын иргэд гэрийнхээ эргэн тойрныг эко бүс болгох санаачилгыг дэмжих эсэхээ энэ санал асуулгаар харуулна” хэмээн А.Идальго мэдэгдсэн байна. Харин ерөнхийлөгч Эммануэль Макрон X (хуучнаар Твиттер) хуудсандаа "Ямар ч суурь мэдээлэлгүйгээр иргэд яаж санал өгөх вэ? Хотын захиргаа энэ бодлогыг хэрэгжүүлэхэд гарах зардал, замын хөдөлгөөнд үзүүлэх нөлөө, тарих ургамлын төрлүүдийн талаар хангалттай мэдээлэл өгөх шаардлагатай байна” гэжээ. Санал хураалт өнөөдөр дуусах бөгөөд дүнг гарсан даруйд зарлана. 2014 оноос хойш Парис хотын захирагчаар ажиллаж байгаа А.Идальго нь хүмүүс явганаар, дугуйгаар эсвэл нийтийн тээврээр 15 минутын дотор зорьсон газраа хүрэх боломжтой орчин бий болгох зорилготой "15 минутын хот" бодлого хэрэгжүүлсэн бөгөөд дугуйн замыг олноор нээж, ил зогсоолыг устгаснаар Парис хотын тээврийн хэрэгслийн урсгалыг үндсээр нь өөрчилсөн нь олон нийтийн талархлыг хүлээсэн юм. Тэрбээр ирэх онд хотын даргын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.