images

Украин: Шөнөөр анд гардаг "Бучагийн шуламнууд" гэж хэн бэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-24


   Украины нийслэл Киевийн ойролцоох Буча хэмээх жижиг хотод харанхуй болоход бүрэн зэвсэглэн тулаанд гардаг нэгэн бүсгүйн тухай танилцуулжээ. Зургаан настайдаа өвөөгөөрөө заалган буудаж сурсан, эдүгээ 32 настай Калипсо 2022 онд Орос Украин руу довтлох үед рестораны менежерийн ажлаа орхиж, эмэгтэйчүүдийн сайн дурын "Бучагийн шуламнууд" бүлэгт элссэн байна. “The Times of England” сонины мэдээлснээр, 150 гишүүний 130 нь эмэгтэйчүүдээс бүрдсэн тус бүлэг Оросын нисгэгчгүй онгоцыг устгахад гол анхаарлаа хандуулдаг, агаарын довтолгооноос хамгаалах анги аж. Дайны эхэн үед Оросын түрэмгийлэгчдийн эрүү шүүлтийн золиос болсон Бучагийн эмэгтэйчүүд эх орноо хамгаалах сэтгэлээр нэгдэн зэвсэг барьсан нь энэ юм. Тэд ихэвчлэн шөнийн цагаар идэвхтэй ажилладаг тул "шулам" гэж нэрлэгдэх болсон байна. Калипсо дайны эхэн үеийн нөхцөл байдлыг эргэн дурсахдаа "Энгийн иргэд олон арваараа амь үрэгдэхийг би дэргэдээс нь зүгээр хараад сууж чадаагүй" гэжээ. Тус бүлгийн гишүүн, 52 настай Валькирия орой бүр хүүдээ үлгэр уншиж өгөөд тулаанд гардаг. Малын эмч мэргэжилтэй тэрбээр дайны эхний өдрүүдэд Буча хот эзлэгдэхэд гурван хүүгээ дагуулан зугтахыг оролдсон боловч Оросын цэргүүдэд баригджээ. Шалган нэвтрүүлэх цэг дээр орос цэргүүд хүүгийнх нь толгойд буу тулгаж байгааг харсан тэр үе хар дарсан зүүд мэт байсан тухай тэрбээр яриад "Харин одоо би гартаа зэвсэгтэй байгаа болохоор өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадаж байна" гэжээ. Украины армийн хохирол нэмэгдэхийн хэрээр Бучагийн шуламнууд шиг сайн дурынхны ач холбогдол улам бүр өсч байгааг тус сонин онцлов. Дайн эхэлснээс хойш гурван жил өнгөрсөн ч Украины байдал огт сайжирсангүй. Өнгөрсөн 18-ны өдөр АНУ эрчим хүч, дэд бүтцийн байгууламжид 30 хоногийн хугацаанд халдлага хийхгүй байхыг ОХУ-тай тохиролцсоноо мэдэгдсэн. Гэвч Калипсо бүсгүйн хэлснээр оросууд шөнө бүр Украины хотууд руу нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөөр байгаа бөгөөд  "Гал зогсоосон гэдэг нь оргүй худал. Тэд юу ч зогсоогоогүй. Өнөө өглөө гэхэд л Киев хот руу Оросын нисгэгчгүй онгоц дайрсны улмаас таван настай хүүхэд амиа алдаж, 10 орчим хүн, түүний дотор 11 сартай хүүхэд шархадсан” хэмээн сайхь бүсгүй ярьжээ. Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр мэдэгдэл хийхдээ "Зөвхөн энэ долоо хоногт гэхэд л манай эсрэг 1580 гаруй агаарын бөмбөг, 1100 нисгэгчгүй онгоц, 15 пуужингаар дайрсан. Үүнийг зогсоохын тулд Орост шахалт үзүүлэх шинэ шийдлүүд бидэнд хэрэгтэй байна" гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.